Монгол Улсын Их хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгадаа анхны хэлэлцүүлгийн явуулах үед төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу холбогдох зарчмын зөрүүтэй саналууд болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалтын дагуу хураалгах саналуудыг тус тус бэлтгэсэн болохыг дурдав.
Түүнчлэн төслийн анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй санал нь бусад хуулийн заалттай зөрчилдвөл Байнгын хороо эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хамтад нь хэлэлцүүлэх зохицуулалтын хүрээнд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслүүдийг боловсруулсан байна.
Хэлэлцүүлгийн үеэр Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 8 саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжсэн юм. Хууль зүйн байнгын хороо энэ өдрийн хуралдаанаараа гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийг эрт илрүүлэх, таслан зогсоох, хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах төрийн байгууллагын бүтэц, төрийн байгууллага, албан тушаалтнуудын оролцоо, гүйцэтгэх үүрэг, эрх хэмжээ, тэдгээрийн үйл ажиллагааны уялдаа холбоог нарийвчлан зохицуулахтай холбогдсон эрх зүйн орчин боловсронгуй болох ач холбогдол бүхий Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулахыг дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.