Нүүр хуудас Улс төр Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй

150
0

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Уг хуулийн төслийн үзэл баримтлалын талаар Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцуулга хийсэн юм.

Улсын Их Хурлаас 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр баталсан Хууль тогтоомжийн тухай хуулийг 2016 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс дагаж мөрдөхөөр байсныг хуулийн сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах, хуульд заасан аргачлал, журмыг батлах зэргээр хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах үүднээс 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар хуулийг дагаж мөрдөх хугацааг 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр болгосон.

Хууль тогтоомжийн тухай хууль нь хууль тогтоомжийг санаачлах, боловсруулах ажиллагааны үндэслэл, чанарыг сайжруулах, олон нийтийн оролцоог хангах, хууль тогтоомжийн төсөлд тавигдах шаардлагыг тодорхойлох, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, хууль тогтоомжийн төслийн болон хэрэгжилтийн үр нөлөөг үнэлэх зэргээр хууль тогтоомжийг боловсронгуй болгох үйл явцыг хангахад ач холбогдолтой хууль болсон. Энэ хугацаанд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас уг хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлж ажилласан гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцуулгадаа дурдав.

Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуралдааны 54 дүгээр тэмдэглэлээр Хууль тогтоомжийн тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хангагдсан эсэх талаар танилцуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгасны дагуу Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанд хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын талаар болон хуулийг хэрэгжүүлэхэд цаашид анхаарах асуудлын талаар танилцуулсан. Энэ үндсэн дээр Засгийн газрын хуралдаанаас Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг баталж, хуулийн төслийг яаралтай боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад; Хууль тогтоомжийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд эрхлэх асуудлын хүрээндээ хуульд заасан аргачлалуудын дагуу судалгаа, үнэлгээ хийх чиг үүргийг хариуцах албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтод тусгах, тэдгээрийг чадавхижуулж, хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд уг хуулийн төслийг боловсруулсан гэдгийг сайд хэллээ.

Мөн уг хуулийн үзэл баримтлалын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн талаархи санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал танилцуулсан юм.

Хуулийн төсөлд Хууль тогтоомжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-12.1.6-д заасны дагуу Засгийн газрын тогтоолоор баталсан аргачлалд тусгасан, эдгээр аргачлалын дагуу судалгаа, үнэлгээ хийх болон зардлыг тооцох шаардлагагүй хууль тогтоомжийн төслийн хүрээг тодорхойлсон байна. Мөн хуульд заасан хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийх, хууль тогтоомжийн үр дагаврын үнэлгээ хийх асуудлууд нь агуулгын хувьд давхардсанаас хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэхэд учир дутагдалтай байх тул хуулийн төсөлд хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийх, хууль тогтоомжийн үр дагаврын үнэлгээ хийх асуудлыг нэгтгэхээр тусгажээ. Түүнчлэн хуульд хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг хийх хугацаа 1 жил байхаар заасныг хууль тогтоомжийг дагаж мөрдсөнөөс хойш 5 жил тутамд, шаардлагатай тохиолдолд дээрх хугацаанаас өмнө хийж болох зохицуулалтыг тусгасан байна. Мөн хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг хэл зүй, найруулгын тухайд ойлгомжтой, тодорхой болгох үүднээс найруулгын шинжтэй зарим өөрчлөлтүүдийг тусгажээ.

Хуулийн үзэл баримтлалын төслийн талаархи хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав, Г.Занданшатар, Л.Болд, Я.Содбаатар, С.Чинзориг, О.Содбилэг, О.Баасанхүү, Н.Оюундарь нар төсөл санаачлагч болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулав. Харин хуулийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, З.Нарантуяа, О.Баасанхүү, С.Бямбацогт, Н.Оюундарь нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

Ингээд Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн Байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэнгүй. Иймээс хуулийн төслийг төсөл санаачлагчид нь буцаахаар болов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here