Манай улсад ажлын айлчлал хийж байгаа Азийн сангийн Ерөнхийлөгч ноён Дэвид Д.Арнолд айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.
Ноён Дэвид Д.Арнолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхах үеэрээ Азийн сангаас Монгол Улсад болон Азийн бүс нутагт хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ танилцуулж, төрийн байгууллагуудтай хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа, цаашдын түншлэлийн асуудлаар санал солилцсон юм.
Тухайлбал, Азийн сангийн Ерөнхийлөгч Дэвид Д.Арнолд “Азийн сан нь Монголд төлөөлөгчийн газраа нээснээс хойш 25 жил болж байна. Энэ хугацаанд олон хөтөлбөр хэрэгжүүлсэн. Одоо ч авлигатай тэмцэх, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зэрэг олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна” гэлээ. Мөн ноён Дэвид Д.Арнолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018-2019 оныг “Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жил болгон зарласантай нь холбогдуулан Азийн сангаас хэрэгжүүлдэг төрийн үйл ажиллагааг хариуцлагатай, ил тод байлгах хөтөлбөрөөрөө хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ хэллээ. Мөн тус сангаас хэрэгжүүлдэг эмэгтэйчүүдийн бизнесийг дэмжих хөтөлбөрт 5000 гаруй эмэгтэй хамрагдсан бөгөөд цаашид хөтөлбөрөө Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч буй эмэгтэйчүүд рүү чиглүүлж, тэднийг дэмжихээр төлөвлөж байгаагаа танилцуулав.
Х.Баттулга Азийн сангийн Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Азийн сангийн хөтөлбөрөөр хэрэгжиж буй төслүүд нь үр дүнгээ өгч, хамтын ажиллагаа өргөжиж байгаа талаар яриад Монгол Улсын цөлжилтийн нөхцөл байдал, цөлжилтийг сааруулах төсөл хөтөлбөрт илүүтэй анхаарч ажиллахыг ноён Дэвид Д.Арнолдоос хүссэн юм. Мөн цөлжилтийг бууруулах чиглэлээр баримталж буй бодлогоо танилцуулж, энэ чиглэлээр бэлтгэсэн төсөл, хөтөлбөрөө гардуулж өглөө.
Уулзалтын төгсгөлд ноён Дэвид Д.Арнолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Азийн сангаас хэрэгжүүлж буй зарим хөтөлбөр, ялангуяа эмэгтэйчүүдийн бизнесийг дэмжих чиглэлээр хэрэгжиж байгаа инкубатор төслийн явцтай өөрийн биеэр танилцахыг хүссэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга түүний хүсэлтийг хүлээн авахаа хэлээд, цаашдынх нь ажилд амжилт хүсэв.
Монгол Улсад 1990 оноос хойш үйл ажиллагаа явуулж, 1993 оны аравдугаар сарын 1-нд суурин төлөөлөгчийн газраа нээсэн Азийн сан нь Монгол Улсад байгуулагдсан хамгийн анхны олон улсын төрийн бус байгууллага юм.
Энэ сангийн зургаа дахь Ерөнхийлөгчөөр ноён Дэвид Д.Арнолд ажиллаж байгаа бөгөөд тэрбээр энэ сарын 18-19-ны өдрүүдэд манай улсад ажлын айлчлал хийж байна.