~Х.Баттулга Владимир Путинд баяр хүргэсэн захидал илгээлээ~
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинд Ерөнхийлөгчийн тангаргаа өргөж, үүрэгт ажилдаа орж буйтай нь холбогдуулан баяр хүргэж захидал илгээлээ.
ЗАХИДАЛД:
“Эрхэм хүндэт Владимир Владимирович,
Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөж, үүрэгт ажилдаа орж буйтай холбогдуулан Танд чин сэтгэлийн баяр хүргэе.
Та Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд Оросын ард түмнээс Танд үзүүлсэн өндөр итгэлийг дааж, эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжлийг шинэ шатанд гаргахын зэрэгцээ Монгол, Оросын стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажилагаанд шинэ хуудас нээнэ гэдэгт итгэлтэй байна.
Аугаа эх орны дайны хүнд он жилүүдийг манай хоёр ард түмэн хамтран туулж ирсэн түүхтэй билээ. Удахгүй болох Их Ялалтын 73 жилийн ойг тохиолдуулан Танд болон Оросын ард түмэнд баярын мэндчилгээ дэвшүүлье.
Энэхүү завшааныг ашиглан, Эрхэм хүндэт Владимир Владимирович Танд эрүүл энх, ажлын өндөр амжилт, Оросын найрсаг ард түмэнд хөгжил цэцэглэлийг хүсье.
Гүнээ хүндэтгэсэн,
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА” гэжээ.