~Швейцарийн Берн хотноо Монгол судлалын хурал болж байна~
Өнөөдөр Швейцарийн Берн хотноо Монгол Улсын Гадаад харилцааны яамны дэмжлэгтэйгээр Берн хотын их сургуулийн монгол судлалын тэнхимээс эрхлэн “Монголын нийгмийн хөдөлгөөнт болон суурьшлын үйл явц” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж байна.
Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суугаа Элчин сайд Л.Пүрэвсүрэн хурлын нээлтэд оролцож, Монголын төр, засгаас монгол судлалыг дэмжих чиглэлд баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулжээ.
Хуралд Монгол Улсын судлаачдаас гадна Швейцарь, Герман, ОХУ, Их Британи, Франц, Унгар, Польш, Чех Улсын монгол судлаачид оролцож буй аж. Энэхүү хурал нь герман хэлтэй улсуудад ажиллаж буй монгол судлалын төвүүд болох Берн, Бонн, Вена, Берлин хотын их сургуулиудын судалгааны хамтарсан төслийн хүрээнд зохиогдож буй юм.
Энэ сарын 11-ний өдөр эхэлсэн тус бага өнөөдөр өндөрлөх бөгөөд хуралд Германы Макс Планкийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд оролцож, Монголын түүхэн дэх шилжилт, сууршилтын түүх, орчин цагийн Монгол Улсын хөгжлийн чиг хандлагын талаарх илтгэлүүдийг хэлэлцэж байна.