Өнгөрсөн сарын сүүлчээр эрх баригч Либерал-ардчилсан намын даргаар сонгогдсон Шинзо Абэ өчигдөр Засгийн газартаа халаа сэлгээ хийлээ. Ингэхдээ тэрбээр голлох сайдуудаа авч үлдсэн байна.
Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд хэвээр үлдсэн Ёсихидэ Суга Засгийн газрын шинэ бүрэлдэхүүний нэрийг уншиж танилцууллаа.
Ерөнхий сайдын орлогч, Сангийн сайд Таро Асо, Гадаад хэргийн сайд Таро Коно, Эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн сайд Хиросигэ Сэко, Эдийн засгийг сэргээн босгох асуудал эрхэлсэн сайд Тосимицу Мотэги нар албан тушаалаа хадгалан үлджээ.
Сэко сайдынхаа хажуугаар ОХУ-тай тогтоох харилцааны асуудал давхар эрхлэх бол Мотэги АНУ-тай худалдааны яриа хэлэлцээ хийж байгаа.
Ингэхийн хажуугаар Шинзо Абэ зарим сайдын суудалд халаа сэлгээ хийлээ. Тухайлбал, Засаг захиргаа, харилцаа холбооны асуудал эрхэлсэн сайд Сэйко Нодын оронд Масатоси Исидаг, Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн сайдаар Масахико Сибаямаг томилжээ.
Энэ яам сүүлийн үед хэд хэдэн авлига, хээл хахуультай холбоотой шуугианд орооцолдсон, түшмэлүүдэд авлига өгдөг, тэтгэвэрт гарсан хүмүүст өөрийн харьяа байгууллагуудад өндөр албан тушаал санал болгодог гэх мэт яриа бий.
Мөн Шинзо Абэ Окинава болон умардын газар нутгийн асуудал эрхэлсэн сайдыг сольж, парламентийн дээд танхимын гишүүн Мицухиро Миякосиг томилжээ. Такаси Ямаситаг Хууль зүйн сайдаар томиллоо. Үүнээс гадна Ерөнхий сайд Батлан хамгаалахын сайд Ицунори Онодэрагийн оронд Такэси Иваяг томилсон байна.
Такэси Ивая Японы Үндсэн хуулинд өөрөө өөрийгөө хамгаалах хүчний эрх мэдлийг өргөтгөх заалт оруулахын төлөө тэмцдэг, түүнчлэн Ивая цөмийн зэвсэгт, цөмийн зэвсгийг Японы нутаг дэвсгэрт байрлуулахыг эрс эсэргүүцдэг юм байна.
Мөн тэрбээр 2011 онд Фукушима атомын цахилгаан станцад осол гарсны дараа хаагдсан атомын цахилгаан станцуудын ажлыг сэргээхийг дэмждэг төдийгүй Хятадын нөлөө нөмрөг өсөн нэмэгдэхийн эсрэг Япон улсын байр суурийг шаргуу дэмждэг юм байна.
Парламентийн дээд танхимын гишүүн Сацуки Катаяма бүс нутгийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн сайдаар томилогдлоо. Ийнхүү тэрбээр шинэ танхим дахь цорын ганц эмэгтэй сайд болжээ.
Өнгөрсөн сарын сүүлчээр болсон эрх баригч Либерал-ардчилсан намын даргын сонгуульд Шинзо Абэ ялалт байгуулж, Ерөнхий сайдаар томилогдсон. Либерал-ардчилсан нам засгийн эрхэнд байх тохиолдолд Шинзо Абэ 2021 он хүртэл Засгийн газрыг тэргүүлнэ. Шинэ танхимын шинэ бүрэлдэхүүнийг эзэн хаан батлах ёслол өчигдөр орой болж, шинэ танхим эмхлэн байгуулагдсанд тооцогдлоо.
Шинзо Абэ эрх баригч намын удирдлагад халаа сэлгээ хийлээ
Японы эрх баригч Либерал-ардчилсан намын дарга Шинзо Абэ намын удирдлагын бүрэлдэхүүнд халаа сэлгээ хийлээ. Нам дотроо нөлөө бүхий хэмээн тооцогддог хүмүүс намын удирдах бүрэлдэхүүнд хэвээр үлдсэн байна.
Тухайлбал, намын Ерөнхий нарийн бичгийн дарга, 79 настай Тосиро Никаи, Японы Гадаад хэргийн сайд асан, одоо Намын бодлогын асуудал эрхэлж байгаа Фумио Кисида албан тушаалаа үргэлжлүүлэн эрхлэхээр болжээ.
Харин Эрүүлийг хамгаалах, хөдөлмөрийн сайд асан Кацунобу Катог Хэрэг эрхлэх газрын даргаар, Эдийн засгийн сэргээн босголтын сайд асан Акира Амарийг Сонгуульд бэлтгэх асуудал эрхэлсэн даргаар томилжээ.
Коити Хагиуда Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Хироси Морияма Парламенттай хамтран ажиллах асуудал эрхэлсэн даргын албан тушаалд хэвээр үлдэж буй юм байна. Намын удирдах бүрэлдэхүүнд ийнхүү халаа сэлгээ хийж байгаа нь намын даргын сонгуулийн үр дүн гэдгийг ажиглагчид хэлж байна.