Нүүр хуудас Улс төр Шинэ чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэхийг дэмжив

Шинэ чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэхийг дэмжив

250
0

“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат танилцуулсан. Төмрийн хүдрийн экспортыг дэмжих, төмөр замын дэд бүтцийн сүлжээг өргөтгөх үүднээс Дорноговь аймгийн нутагт байрлах УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Зүүнбаян өртөөнөөс улсын хилийн Ханги боомт хүртэлх шинэ чиглэлийн төмөр замын төслийн урьдчилсан судалгааг боловсруулсан аж. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан дээрх чиглэлийн төмөр зам баригдсанаар тээвэрлэх гол ачаа төмрийн хүдэр, зэсийн баяжмал, нефть зэрэг түүхий эд, бараа бүтээгдэхүүн байх юм байна. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам баригдсанаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны аж үйлдвэрийн төв болох Бугат хотын гангийн үйлдвэрт нийлүүлэх Монгол Улсын экспортын түүхий эд, бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэн, төмрийн хүдэр, зэсийн баяжмал зэрэг бүтээгдэхүүний тээвэрлэлтийн зардлыг бууруулж, Монгол Улсын эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулах бүтээн байгуулалт болох ач холбогдолтойг Д.Ганбат сайд дурдав.

Эдийн засгийн байнгын хороо тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн бөгөөд төсөл санаачлагч болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Х.Баделхан, Б.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг, Д.Тэрбишдагва, Л.Энхболд, Ч.Хүрэлбаатар, Д.Гантулга, Н.Оюундарь, Б.Дэлгэрсайхан, Л.Энх-Амгалан, Б.Баттөмөр нар төмөр замын бүтээн байгуулалт, санхүүжилт, ашиглалтад орсон тохиолдолд эдийн засгийн үр өгөөжийн талаар асууж, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат  хариулт өглөө.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мөн төмөр замын эдийн засгийн ач холбогдлын талаар, дотоод дахь төмөр замын ачаа болон зорчигч тээврийн өртгийг нэмэгдүүлэхгүйн тулд шинэ чиглэлийн төмөр замыг 1520 мм буюу өргөн царигтайгаар тавих болсон талаар тайлбар хийлээ. Шинэ чиглэлийн төмөр зам зөвхөн экспортын тээвэрлэлт хийхгүй, Монгол Улсын төмөр замын гол сүлжээтэй холбогдож байгаа. Тодруулбал, Алтанбулаг-Замын Үүд хүртэлх төмөр замтай холбогдож байгаа учир шинэ чиглэлийн төмөр замын цариг үндсэн сүлжээнээс өөр стандарттай байгаа тохиолдолд ачаа болон зорчигч тээвэрлэлт нь дугуй солих, вагон шилжүүлэхээс үүдэн өртөг нэмэгдэх магадлалтай. Тиймээс 1520 мм буюу өргөн царигаар барих нь оновчтой бөгөөд төмөр зам дахь экспортын тээвэрлэлтээ өөр гарцаар шийдэх нь зүйтэй гэсэн тооцооллыг Засгийн газар гаргасан болохыг тэрээр тайлбарласан юм.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан саналаа илэрхийллээ. Монгол Улс далайд гарцгүй, харин шинэ чиглэлийн төмөр зам нь бүс нутгийн төмөр замын сүлжээнд ач холбогдолтой байх эсэхийг тооцох нь зүйтэй гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан хэллээ. Мөн энэхүү бүтээн байгуулалтын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд Бугатын аж үйлдвэрт урт хугацаанд нүүрс, төмрийн хүдэр нийлүүлэх гэрээ байгуулах, аялал жуулчлалыг энэ чиглэлээр дэмжих бололцоог судлах зэргээр асуудлыг том зургаар нь харж, Засгийн газар хооронд урт хугацаанд хамтран ажиллах шаардлагатай байгааг тэмдэглэн, тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, хөрш орнуудтайгаа төмөр замын асуудлаар ярилцан, харилцан тохиролцсны үндсэн дээр Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг иж бүрнээр нь дахин харах шаардлага байгаа талаар санал хэлсэн. Харин Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, улс оронд өрийн дарамт нүүрлээд байхад 1 тэрбум ам.долларын Засгийн газар баталгаа гаргах энэ бүтээн байгуулалтыг хийхийг Улсын Их Хурал зөвшөөрөх нь зохисгүй. Засгийн газар төслөө татаж аваад, шинэ төмөр замынхаа эдийн засгийн ач холбогдлыг нэмэгдүүлэх асуудлуудаа тодорхой болгон, нарийн тооцоо хийсний үндсэн дээр дахин оруулж, хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээгээд дэмжихгүй байгаагаа илэрхийллээ. Ийнхүү дээрх тогтоолын төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд санал хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 64 хувь нь дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here