УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг огцруулах асуудлыг хэлэлцэж гишүүдийн 71.4 хувь нь дэмжиснээр Ц.Цогзолмаа сайдыг огцрууллаа.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Өнөө маргаашдаа багтаад бүх хүний асуудлаа шийдэж чадах уу. Одоо огцруулна гээд л дараа нь томилно гээд бөөн юм болно. Боловсролын яаман дээр дөрөв, Зам тээврийн яаманд л гэхэд таван сайд дөрвөн жилийн хугацаанд солилоо. Үүрийн тав хүртэл ч хамаагүй суугаад нэг мөсөн хүний асуудлаа шийдмээр байна. Дараагийн сайдаа давхар дээлгүй хүн оруулж ирэх үү.
УИХ-ын гишүүдээс өөр ухаантай хүн байхгүй юм шиг бодоод байх юм. ЗГХЭГ-ын даргад нэг гишүүний асуудал яригдаад л байна. Шагналын алба юм уу хаашаа юм. Гурав биш юм аа гэхэд ядаж хоёр “давхар дээлгүй” сайдтай байя.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Энэ долоо хоногт сайд нарын асуудлыг бүрэн дуусгна. Асуудлуудаа нэг тийш нь болгоно. Ерөнхий сайдын хувьд энэ долоо хоногт багтаан хэлэлцэж дуусгана гэсэн байр суурьтай байгаа. Би Ерөнхий сайдаар анх томилогдохдоо өөрийнхөө танхимыг парламентаас бүрдүүлнэ гэдгээ хэлсэн. Анх хэлсэн зарчим дээрээ байгаа.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Давхар албан тушаалыг хашуулаад давхар цалин аваад явуулах нь зөв гэж бодоод байгаа юм уу. Ядаж нэг хүнийг Монголын ард түмнээсээ сонгоход юу нь болохгүй байгаа юм бэ. Албан тушаалын талаар ярихад л үүрийн таван цагт ирж суучихаад чичрээд байх юм. Уурлаад юмаа авч шидээд хэцүү байна. Тиймээс гаднаас ганц сайд томилох нь юу нь болохгүй байгаа юм бэ?
Давхар дээл гээд нэрлээд сурчихсан юм даа. Би бол давхар хариуцлага юм даа. Салбарын яамд нь парламентаасаа дэмжлэг авах, хамтран ажиллахад давуу талтай. Япон улс Засгийн газрын гишүүдээ сонгогдсон хүнээсээ тавьдаг.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Нохой жилд та бүхэн минь нохой шиг уралцаад дуусгаж байгаад баяртай байна. боловсролын салбарыг өөд нь татмаар байна. Боловсролын салбар асар их мөнгөтэй, тендертэй, орхигдсон салбар болчихоод байна. Ц.Цогзолмаа сайдыг давуулсан хүн тавимаар байгаа юм. Үүнээс дор хүн тавивал бас хэцүү ш дээ.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат: Энэ сайдын асуудлыг хурдан шийдэх байсан. Гэтэл сунжирсаар байгаад өдийг хүрчихлээ. Олон ч хууль зөрчигдсөн. Ярих юм байхгүй. Зам тээвэр, Боловсролын яамны сайд нар ялгаа байхгүй олон удаа солигдсон. Дараагийн орж ирэх сайд нь ашиг сонирхлын зөрчилтэй болон хууль зөрчсөн хүнийг сайдаар оруулж ирвэл манай бүлэг дэмжихгүй. Нийслэлийн Засаг даргаа томилохгүй хоёр долоо хоног болчихоод байхад сайд нарынхаа асуудлыг энэ долоо хоногтоо багтаан шийднэ гэж яриад байх юм.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Нэг солигдохоор бодлого нь өөрчлөгддөг. Хүнээ хөгжүүлэх бодлого нь ямар төвшинд явж байна вэ. Тиймээс энэ салбарыг аваад явчих хүнийг тавиасай гэж хүсч байна. Ц.Цогзолмаа сайд бол сайн ажилласан. Эхлүүлсэн ажлыг нь үргэлжлүүлээд аваад явах хүн томилоорой. Ховд аймагт сонгогчидтойгоо уулзсан. Иргэд Ц.Цогзолмаа сайдыг битгий огцруулаарай гэсэн шүү.
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа: Нэг жил гаруйн хугацаанд дэмжлэг үзүүлэн ажилуулсан Ерөнхий сайд бол танхимынхаа сайд нарт талархал илэрхийлье. Мөн салбарынхаа хамт олонд талархал илэрхийлж байна. Анх ажил хүлээж авахад 13 яамны 13-т орсон яамыг хүлээж авсан. Сая ажлаа үнэлүүлэхэд тавдугаар байранд орсон байна. Энэ бол манай хамт олны ажлын үр дүн. Энэ бол миний улстөрчийн хувьд гаргасан шийдвэр. Тиймээс салбарынханаасаа хүсч байна. Ерөнхий сайдаас хүсэх нэг зүйл байна. Манай яамны Төрийн нарийн бичгийн дарга ажиллах боломжгүй хүн байгаа учраас төрийн ажлын туршлагатай хүнээр сольж өгнө үү гэж хүсмээр байна.