УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.10.11) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 04 минутад гишүүдийн 51,3 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын 2018 оны 62 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлтийг хэлэлцэв. Энэ талаарх цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго танилцууллаа.
Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 62 дугаар тогтоол Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох хэсгийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ.
Монгол Улсын Их Хурлын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 62 дугаар тогтоолын 1, 2 дахь заалтаар Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгуулийг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс товлон зарлаж, санал авах өдрийг мөн оны 10 дугаар сарын 07-ны өдрөөр тогтоосон бөгөөд уг тогтоолын 3 дахь заалтаар тогтоолын хэрэгжих хугацааг заасан.
Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуульд Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг 4 жил тутам явагдахаар цаг хугацааг нь тодорхой заасан бөгөөд иргэн хүн сонгуульд нэр дэвших эсэхээ эртнээс шийдэж, хуулиар тогтоосон шаардлагыг хангаж оролцох боломжтой байдаг.
Харин энэ удаа нөхөн сонгууль зарлахад Сонгуулийн тухай хуульд нэгэнт товлон зарласан нөхөн сонгуульд төрийн жинхэнэ албан хаагчдыг хэрхэн оролцуулах тухай зохицуулалт огт тусгагдаагүй хийдэл үүссэн байна.
Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.5 дахь хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил,
албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргасан байх ба сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 31-ээс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байна.”, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагч Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвших бол тухайн ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө … төрийн албанаас чөлөөлөгдөх өргөдлөө төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд гаргана. …
Сонгуульд нэр дэвшихтэй холбогдуулан төрийн жинхэнэ албан хаагч өргөдлөө гаргаагүй нь тухайн төрийн байгууллага түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй” гэж тус тус заасан.
Дээрх хуулиудын зохицуулалтаас үзэхэд ээлжит сонгуульд нэр дэвших төрийн жинхэнэ албан хаагч нь “… сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө …”, “… тухайн ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө …” гэж төрийн албанаас чөлөөлөгдсөн байх хугацааг тодорхой заасан байна.
Гэтэл нөхөн сонгуульд төрийн жинхэнэ албан хаагчид хэзээ, хэрхэн ажлаасаа чөлөөлөгдөн оролцох зохицуулалтыг орхигдуулснаас төрийн байгууллагад ажиллаж буй төрийн жинхэнэ албан хаагчид нөхөн сонгуульд оролцохын тулд одоо ажлаасаа чөлөөлөгдөхөд дээр дурдсан хугацааны шаардлагыг хангаж чадахгүй тул сонгуульд оролцох боломжгүй болж байгаа нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна гэж үзсэний үндсэн дээр нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд ханджээ.
Иймээс Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа уг маргааныг хянан хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр батлан гаргасан “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 62 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… шударга ёс, … тэгш байдал, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг … эрхэлсэн ажил, албан тушаал … -р нь ялгаварлан гадуурхаж үл болно. …”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “… Төрийн байгууллагад … сонгогдох эрхтэй. …”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд … төрийн байгууллагын бусад шийдвэр … бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг зөрчсөн байна гэж дүгнэжээ.
Энэ үндсэн дээр Улсын Их Хурлын 2018 оны 62 дугаар тогтоолыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн байна.
Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын Ж.Батзандан тус тус танилцуулсан.
Хууль зүйн байнгы хороо 2018 оны 10 дугаар сарын 02, Төрийн байгуулалтын байнгын хороо 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд дээрх хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн байна.
Цэцийн дүгнэлт болон Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, С.Чинзориг, Л.Мөнхбаатар, Б.Пүрэвдорж, О.Баасанхүү, Я.Содбаатар, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс Улсын Их Хурлаас нөхөн сонгууль зарлахдаа Үндсэн хууль зөрчсөн эсэхийг илүүтэй тодруулж байв.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан хариултдаа, Би Үндсэн хуулийн цэцийн 10 дугаар дүгнэлтийг хэлэлцэхэд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон.
УИХ Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоохдоо Сонгуулийн тухай хуулийн хүрээнд ажилласан. Сонгуулийн тухай хуульд нөхөн сонгуулийг эхлэх өдөр болон санал авах ажиллагааг явуулах өдрийг тогтоосон хоёр заалттай.
Тухайн нөхөн сонгуульд нэр дэвшигчдэд тавигдах шаардлагын талаар тусгайлан заасан зүйл байхгүй нь бие даагч болон нэг хэсэг хүмүүсийн эрх ашгийг зөрчсөн тал бий.
Гэхдээ нэг хоёр хүний эрх ашгаас илүү тухайн тойргийн 10 гаруй мянган сонгогчийн эрх ашгийн төлөө асуудлыг шийдсэн. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 62 дугаар тогтоол нь Үндсэн хууль зөрчөөгүй гэдгийг онцлов.
Харин тэрбээр, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах уу үгүй юу гэдгээ жичдээ хэлэлцэх шаардлагатай. Иймд Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар төсөл боловсруулж байна, ирэх 12 дугаар сард чуулганаар хэлэлцэх байх гэж байлаа.
Ингээд санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн гэж үзсэн.