Нүүр хуудас Улс төр Өргөдлийн байнгын хорооноос Засгийн газарт чиглэл өгөхөөр тогтлоо

Өргөдлийн байнгын хорооноос Засгийн газарт чиглэл өгөхөөр тогтлоо

227
0

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн /2016.12.14/ хуралдаан 14 цаг 39 минутад 52.6 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдаанаар Иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцлээ.

Иргэдийн өргөдлийн дагуу Сууц өмчлөгчдийн холбоодын эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэхээр Байнгын хорооны 2016 оны намрын чуулганы хугацааны төлөвлөгөөнд тусгасны дагуу Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Г.Солтан нар дээрх асуудлыг судалж Өргөдлийн байнгын хуралдаанаар хэлэлцүүлэх гэж байна хэмээн Байнгын хорооны дарга Д.Сарангэрэл хуралдааны эхэнд танилцуулав.

Сууц өмчлөгчдийн холбоодын эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаархи иргэдийн өргөдлийн танилцуулгыг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хийв. Тэрээр Улсын Их Хурлын гишүүд болон Өргөдлийн байнгын хороонд сүүлийн хоёр жилийн хугацаанд нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нийт 467 иргэнээс Сууц өмчлөгчдийн холбоо болон Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн үйл ажиллагаа, төрөөс тавьж буй хяналтыг сайжруулах, Сууц өмчлөгчдийн холбоодын эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, боловсронгуй болгох талаар өргөдлүүд ирүүлсэн байна. Иргэдийн өргөдлийн дагуу хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаархи мэдээллийг Барилга, хот байгуулалтын яам, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл” ТББ-аас ирүүлсэн мэдээллүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын Судалгаа, шинжилгээний хэлтсийн судалгаанд үндэслэн гаргав гээд иргэдээс ирүүлсэн өргөдлийг танилцуулав. Улмаар Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ. Сууц өмчлөгчдийн холбоод 1997 оноос байгуулагдсан бөгөөд улсын хэмжээнд 2015 оны байдлаар сууц өмчлөгчдийн 1022 холбоо үйл ажиллагаа явуулж байгаагийн 881 нь Улаанбаатар хотод, 141 нь орон нутагт үйл ажиллагаа явуулж байна. Сүүлийн 3 жилийн байдлаар үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа 776, үйл ажиллагаа нь жигдрээгүй 246 холбоо байна. Тэрээр хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт “Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг хуралд оролцож буй гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар шийдвэрлэнэ” гэж, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт “Орон сууцны …засвар үйлчилгээтэй холбогдсон, түүнчлэн өөр нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчдийн оролцох хэмжээг тодорхойлохдоо уг зардлыг тухайн орон сууцны нийт сууцны тоонд хуваана” гэж тус тус заажээ. Гэтэл холбоодын захирал, бусад этгээдүүд засвар үйлчилгээний зардлыг хэрхэн тогтоож байгаа нь тодорхойгүй, энэ талаар оршин суугчид байнгын маргаантай байдаг байна; Мөн хуулийн 13 дугаар зvйлийн 13.1.4-т “Сууц өмчлөгч засвар, vйлчилгээний хөлс, зардал vндэслэлтэй эсэхийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх эрхтэй” гэж заасан боловч хэрэгждэггүй. Түүнчлэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас иргэдийн өргөдөл, гомдлын дагуу холбоодын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийдэг боловч Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хүрээнд зохицуулах, хариуцлага тооцох боломжгүй байдаг байна. Эдгээр болон бусад зөрчил, дутагдлууд нь орон нутгийн Засаг дарга нар хуулийн дагуу хяналт тавих бүрэн эрхээ хэрэгжүүлдэггүй, энэ талаар санаачилга гарган ажилладаггүй, оршин суугчид хуулийн мэдлэг, мэдээлэл муутай байдгаас голчлон шалтгаалж байна. Иймд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, боловсронгуй болгох асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх саналтай байна гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд хуралд оролцож буй албан тушаалтнуудаас асуулт асууж, тайлбар авсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн А.Сүхбат СӨХ-ны даргыг ямар шалгуураар томилдог болох мөн сургалт зохион байгуулдаг эсэхийг тодруулсан юм. “Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл” ТББ-ын гүйцэтгэх захирал М.Галбаатар өгсөн тайлбартаа, СӨХ-ын даргыг Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл томилдог ба тус зөвлөлөөс сургалт, семинарыг зохион байгуулдаг гэв. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг иргэдийг тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд СӨХ, Орон сууцны контор болон бусад байгууллагууд уялдаа холбоогүй ажиллаж буйг тэмдэглэж, энэ асуудал хэрхэн шийдвэрлэгддэг болохыг тодруулав. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва хэлэхдээ, иргэдээс өргөдөл, гомдол ихээр ирдэг төдийгүй өмнөх удирдлагын үед шийдвэрлэгдээгүй мянга гаруй өргөдөл байгаа, одоо ч ирүүлсээр байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд хуулийг боловсронгуй болгох зайлшгүй шаардлага тулгараад байна гэлээ. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч Д.Баярхүү хэлэхдээ, өнөөдөр 1076 угсармал байр байдаг ба байрны дулаан алдагдалыг бууруулах ажлыг цогцоор нь хийж байгаа. Энэ ажлыг гүйцэтгэсэнээр 3-р цахилгаан станцын ачаалал буурах төдийгүй иргэдийн тав тухтай орчныг бүрдүүлэх болно гэлээ.

Гишүүд асуулт асууж, тайлбар авсны дараа Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл Сууц өмчлөгчдийн холбоодын эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, боловсронгуй болгох асуудалтай холбогдуулан боловсруулсан Байнгын хорооны тогтоолын төслийг танилцуулсан юм. ҮүндСууц өмчлөгчдийн холбоодын эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах, орлогын зарцуулалтыг сууц өмчлөгчид танилцуулах, тайланг ил тод болгох, нэг холбоонд хамрагдах сууц өмчлөгчдийн тооны дээд хэмжээг тогтоох, орон сууцны байшингийн орчны газрыг ашиглахад сууц өмчлөгчдийн эрх ашиг зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, холбооны үйл ажиллагаанд сууц өмчлөгчдөөс болон төрөөс тавих хяналтыг сайжруулах, хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгох чиглэлээр судлан санал боловсруулж, танилцуулах; Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 7, 8, 9, 10, 11 дүгээр зүйл, 12 дугаар зүйлийн 12.4.8, 18 дугаар зүйлийн 18.1.4 дэх заалтын хэрэгжилт хангалтгүй байгааг анхаарч, хэрэгжилтийг сайжруулан хяналт тавьж ажиллах, хууль тогтоомжийн талаархи иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллээр хангах арга хэмжээ авах зэрэг тусгагдсан байна.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлахад, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг уг хуулинд зөвхөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн асуудлаас гадна иргэдийн хариуцлагыг нэмэгдүүлэхэд анхаарах нь зүйтэй хэмээн онцлов.

Ийнхүү Байнгын хорооны гишүүдээс гаргасан саналыг тусган Сууц өмчлөгчдийн холбоодын эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоол хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувийн дэмжлэг авсан юм. Өнөөдрийн Байнгын хорооны хуралдаанд Барилга хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч, Улаанбаатар хотын захирагчийн Ажлын алба, “Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл” ТББ-ын төлөөлөл оролцлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here