Нүүр хуудас Улс төр Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

103
0

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод /2016.12.28/-ны өдөр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм.

Өргөн нэвтрүүлгийн салбарын үйл ажиллагаатай холбогдох харилцааг Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай зэрэг хуулиудаар зохицуулж байгаа бөгөөд өргөн нэвтрүүлгийн зах зээл өдрөөс өдөрт өргөжин хөгжиж, өргөн нэвтрүүлгийг зөвхөн телевиз, радио ашиглан хүлээн авахаас гадна гар утас, компьютер болон автомашины хүлээн авагчаар хүлээн авч үзэх боломжтой болж, ашиглах цар хүрээ, тавигдах шаардлага өөрчлөгдөж байна. Улсын Их Хурлаас 2005 онд Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийг баталсан боловч уг хууль нь зөвхөн Үндэсний олон нийтийн радио, телевизийг үүсгэн байгуулах, үйл ажиллагааны зарчим, эрх зүйн үндсийг тогтоож, хөтөлбөрийн бодлогын зарчмыг тодорхойлоход чиглэгдсэн болно. Гэтэл өнөөгийн байдлаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах эрх бүхий 84 телевиз, радио нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл  эзэмших эрх бүхий телевиз Улаанбаатар хотод 29, орон нутагт 66, кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч Улаанбаатар хотод 77, орон нутагт 8, олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгч буюу кабелийн телевизийн үйлчилгээ эрхлэгч Улаанбаатар хотод 16, хиймэл дагуулаар олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч 1, орон нутагт 50 байгаа бөгөөд эдгээр тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагааг зохицуулах хууль, эрх зүйн орчин дутагдалтай байна гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат хэллээ.

Түүнчлэн Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай, Патентийн тухай, Барааны тэмдэг, газарзүйн заалтын тухай хуулиудаар оюуны өмчид халдсан, оюуны өмчийг зөвшөөрөлгүй ашигласан иргэн, аж ахуйн нэгжид хүлээлгэх хариуцлага, түүнтэй холбогдох бусад харилцааг тодорхой хэмжээнд зохицуулсан боловч оюуны өмчийн зөрчилтэй холбогдох хариуцлагын тогтолцоог илүү тодорхой болгох, зохиогч, бүтээл туурвигчийн шинэ санаачилга, бүтээлч эрэлхийллийг бий болгох, цаашид оюуны өмчийн зөрчлийг бууруулах замаар өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийг шударга өрсөлдөөнөөр хангаж, эрх, үүргийг тодорхой болгох, оюуны өмч зөрчсөн нь тогтоогдсон тохиолдолд авах арга хэмжээг тодруулах зайлшгүй шаардлагатай байгаа юм байна.

Тус хуулийн төслийг боловсруулахдаа Япон, Исланд, Ирланд, Канад, Өмнөд Солонгос, Польш, Шинэ Зеланд, Өмнөд Африк, Энэтхэг, Герман, АНУ, Гүрж зэрэг өргөн нэвтрүүлгийн чиглэлээр бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн улс орнуудын туршлагыг судалсан бөгөөд дээр дурдсан үндэслэл, шаардлагыг харгалзан өргөн нэвтрүүлгийн харилцааг зохицуулах хуулийн төслийг боловсруулжээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here