Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос Автобензин, дизель түлшний үнэ, холбогдох бусад асуудлаар албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлгийг (2018.10.10-нд) Төрийн ордонд зохион байгууллаа.
Уг хэлэлцүүлэгт Өргөдлийн байнгын хорооны гишүүд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яам, Зам тээвэр хөгжлийн яам,
Монголбанк, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Монголын үйлдвэрчний эвлэл, Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо болон иргэдийн төлөөлөл оролцов.
Төрийн бус байгууллага болон иргэдээс “Шатахуун импортлогч компаниуд Үнийн зөвлөлөөр оруулж хэлэлцүүлэхгүй, хөндлөнгийн хяналтгүй бензин, шатахууны үнийг удаа дараа нэмсэн”,
“Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.1-т үндэсний стандартад нийцсэн газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх тухай заалтыг зөрчиж, чанаргүй автобензин, түлш үйлдвэрлэсэн” нь хэрэглэгч иргэдийг хохироосон,
тэдний худалдан авах чадварыг бууруулсан талаар хэлэлцүүлэг зохион байгуулж өгөхийг хүссэн өргөдөл удаа дараа Өргөдлийн байнгын хороонд ирүүлсэн байна. Иймд холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлгийг хийж байгаагаа Байнгын хорооны дарга М.Оюунчимэг танилцуулав.
2018 он гарсаар шатахууны худалдаа эрхлэгчид жижиглэнгийн борлуулалтын үнийг 1,2,7,8,10 дугаар саруудад буюу нийт 5 удаа нэмсэн. Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний импортын 94 хувийг ОХУ, 1 хувийг БНХАУ, 2 хувийг БНСУ, 3 хувийг бусад улс тус тус эзэлдэг байна.
Автобензин, дизель түлшний үнэ, чанарын асуудлаар хэлэлцүүлэг боллоо
Харин төрлийн хувьд 63 хувь нь дизелийн түлш, 29 хувийг 90-ээс дээш октантай автобензин, 4 хувийг 90-ээс доош октантай автобензин, 4 хувийг ТС-1 буюу онгоцны түлш эзэлж байна.
Монгол Улсын дотоодын зах зээл дээр худалдаалагдаж буй түлш, шатахууны бүтээгдэхүүний жижиглэнгийн үнэ нь импортын үнэ, татвар болон компаниудын бусад зардал, ашгийн түвшин зэргээс хамаарч тодорхойлогдож байгааг албаны хүмүүс мэдээлж байлаа.
Мөн Онцгой албан татварын хуулиар хилийн боомт, шатахууны төрөл тус бүрээр 1 тонн тутамд онцгой албан татварыг тогтоосон. Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг боомтоор орж ирсэн 95 болон түүнээс дээш октантай автобензинд 210,000 төгрөг, дизелийн түлшинд 280,000 төгрөг, Эрээнцав боомтоор орж ирсэн 95 болон түүнээс дээш октантай автобензинд 80,000 төгрөг, дизелийн түлшинд 150,000 төгрөг төлдөг.
Харин өргөн хэрэглээний А-80, Аи-92 автобензин онцгой албан татварыг Монгол Улсын Засгийн газрын 2018 оны нэгдүгээр сарын 26 дугаар тогтоолоор тэглэсэн болохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тосны салбарын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр хэлэв.
Мөн тэрбээр, “ОПЕК, ОХУ-ын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд газрын тосны олборлолтыг танах бодлого хэрэгжсэн нь дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өсөх шалтгаан болсон бөгөөд энэ оны 4 дүгээр сарын дунд үед мөн газрын тосны үнэ 2014 оноос хойш хамгийн өндөр түвшинд буюу 80 ам.долларт хүрсэн нь АНУ, Сири улсын геополитикийн зөрчилдөөнөөс үүссэн улс төрийн хурцадмал байдалтай холбоотой.
Манай улсын шатахууны хэрэглээ 100 хувь гадаад улсаас хамааралтай учир дэлхийн газрын тосны үнэ, ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлж буй хилийн үнийн хэлбэлзэл нь шатахууны жижиглэнгийн үнэд шууд нөлөөлж ирсэн.
Шатахууны худалдаа эрхлэгч компаниуд шатахуун экспортлогч орнуудаас зөвхөн ам.доллараар төлбөр төлж, худалдаа хийдэг тул валютын ханшийн өөрчлөлт ч шатахууны үнэд нөлөөлж байна” хэмээн хэлэлцүүлгийн үеэр тайлбар өглөө.
Байнгын хорооны гишүүд дотооддоо арга хэмжээ авч, хэрэглэгчид болон аж ахуйн нэгжүүдээ хамгаалах бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцлоод импортоор авч буй газрын тосны бүтээгдэхүүний төлбөрийг зөвхөн ам.доллараар биш бусад валютаар хийх бололцоо байгаа эсэхийг УИХ-ын гишүүн М.Билэгт тодруулсан юм.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат 2014 онд “Роснефть” компанитай байгуулсан гэрээнд төлбөрийг өөр валютаар хийх боломжтой талаар тусгасан гэдгийг хэлсэн.
Харин УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг дэлхийн зах зээл дээрх газрын тосны бүтээгдэхүүний үнэ буурах үед манай улсад өөрчлөлт гарахгүй байдгийн шалтгааныг асуусан.
Дэлхийн зах зээл дээрх үнийн бууралтын үед манай улс газрын тосны бүтээгдэхүүнээс татвар авч, төсөвт төвлөрүүлж байсан. Татварын зохицуулалтыг хийж байгаа бол төсөвт оруулахгүйгээр сан бүрдүүлж, үнэ өсөх үед зах зээлдээ гаргах нь оновчтой шийдэл болохыг Монголбанкны төлөөлөл хариулав.
Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлтэй холбоотойгоор ОХУ-ын “Роснефть” компаниас 2018 оны 10 дугаар сард шатахууны хил үнэ бүтээгдэхүүний төрлөөс хамааран өмнөх сарынхаас тонн тутамдаа 45-85 ам.доллараар нэмэгдэж, Аи-92 автобензин 766 ам.доллар /тн, дизелийн түлш 758 ам.доллар/тн үнэтэйгээр нийлүүлэгджээ.
2018 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 37 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 98, Аи-92 автобензин 34, дизелийн түлш 33, ТС-1 онгоцны түлш 31 хоногийн нөөцтэй байна.
Цаашид газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулах, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуульд нийцүүлэн татварын бодлогоор дотооддоо зохицуулалт хийх, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, аж ахуйн нэгж,
төрийн байгууллагуудын үүрэг хариуцлага, ажлын уялдаа холбоог сайжруулах, стандартын шаардлагад нийцэхгүй шатахууны үйлдвэрлэлд хяналт тавих шаардлагатай байгааг хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байсан юм.
Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг тус байнгын хорооноос зохион байгуулсан уг хэлэлцүүлгээс зөвлөмж гаргаж, Засгийн газарт хүргүүлэхээ илэрхийлээд хэрэглэгчээ бодсон төрийн бодлогыг хэрэгжүүлж, хариуцлагатай ажиллахыг сануулав.