Нүүр хуудас Эдийн засаг Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийн эцсийн...

Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

253
0

Засгийн газраас 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаархи Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа танилцуулав.

Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Монгол Улсын баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өнгөрсөн сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо өнгөрсөн сарын 31-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр гишүүдийн олонхийн дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ.

Байнгын хорооны хуралдаанаар төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх үеэр Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ хуулийн төсөлд ардчилсан хувьсгалын анхны ахмад зүтгэлтнүүдийг хамруулах зарчмын зөрүүтэй санал гаргасныг дэгийн тухай хуульд зааснаар санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн дэмжлэгийг авч чадаагүй аж. Харин хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар хийх үеэр Улсын Бага Хурлын гишүүдэд нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай санал дэмжигдсэн тул төслийн 7.1.3 дахь заалт, 10.2 дахь хэсэгт Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.2.3-т зааснаар дахин санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжжээ.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 79.2 хувь нь дэмжсэнээр хуулийн төсөл батлагдлаа. Энэ хуулийн төсөл нь Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон, төрийн шагналт, төрийн соёрхолт, ахмад дайчин, Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж, баталсан /1990-1992 он/ Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгохтой холбогдсон харилцааг зохицуулах зорилготой юм.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригийн санаачлан боловсруулж 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаархи Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулсан юм. Тус Байнгын хороо өнгөрсөн сарын 31-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй аж. Иймээс нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр гишүүдийн олонхийн дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд нэмж тусган, үг хэллэгийн зарим засвар хийж, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар бүхэлд нь батлав. Хууль батлагдсанаар төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл нь өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцохоор болж байгаа юм. Мөн хүүхдээ гурван нас хүртэл асрах чөлөөтэй байсан эхэд тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож, 4 сарын хугацаанд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохоор зохицуулжээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаархи Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт танилцуулав. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжпэх ухааны байнгын хороо өнгөрсөн сарын 31-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй бөгөөд чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр гишүүдийн олонхийн дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналыг төсөлд нэмж тусган, үг хэллэгийн зарим засвар хийж, эцсийн хувилбарын төслийг бэлтгэжээ.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул хуулийн төслийг бүхэлд нь батлахыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 78.3 хувь нь дэмжиж баталлаа. Энэ хуулийн үйлчлэлд 1995 оноос энэ хууль хүчин төгөлдөр болсон өдөр хүртэл хугацаанд малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхэлж байсан 15-60 насны иргэн хамаарах юм. Харин ерөнхий боловсролын сургууль, их сургуүль, дээд сургууль, коллежийн өдрийн ангид суралцсан хугацаа малчнаар ажилласан жилд хамаарахгүй юм байна. Мөн малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгчийн өөр ажил эрхэлсэн хугацаа малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхлэгч байсан хугацаанд хамаарахгүй аж.

Дараа нь Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаархи Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж танилцуулсан юм.

Байнгын хороо хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй нийт 91 саналын томьёолол, хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслийн талаар гаргасан 5 саналын томьёолол тус бүрээр санал хурааж шийдвэрлэсэн байна. Цагдаагийн генерал гэдэг цол шинээр бий болгож, Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог байх, цагдаагийн алба хаагч үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагад өртөж нас барсан тохиолдолд 10 жилийн үндсэн цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг ар гэрт нь олгох, цагдаагийн байгууллагын төсвийг өмнөх жилээс бууруулахыг хориглох зэрэг зарчмын зохицуулалтууд оруулж байгааг ажлын хэсгийн ахлагч дурдлаа.

Ингээд байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн юм. Тухайлбал, төслийн 16 дугаар зүйлд “Засаг дарга тухайн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын даргыг албаны орон сууцаар хангах арга хэмжээ авна” гэсэн агуулгатай 16.6 дахь хэсэг нэмэх, төслийн 21 дүгээр зүйлийн 21.1.15 дахь заалтыг “цагдаагийн байгууллагын гүйцэтгэх ажлын төсвийг төлөвлөх, Улсын Их Хурлын тусгай хяналтын дэд хороогоор хянуулах, батлагдсан төсвийг захиран зарцуулах;” гэж өөрчлөн найруулахаар болов. Мөн төслийн “Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох” тухай 46 дугаар зүйлийн 46.5 дахь хэсгийг “Хүүхэд өөрийн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүчирхийлэлд өртсөн бол тэдгээрийн саналыг харгалзахгүйгээр хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахад чиглэсэн дараахь арга хэмжээг авна” гэж өөрчлөхөөр тогтов. Ийнхүү Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийн шатанд Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хурааж шийдвэрлэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here