Залуу уяачдын холбооны шинэ жил Хэнтий аймагт боллоо
Монголын морин спорт, залуу уяачдын холбооны нэгдсэн шинэ жил, оны шилдгүүдийг шалгаруулах ёслолын үйл ажиллагаа Хэнтий аймагт ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа. Тэрбээр монгол эх орны 20 аймагт салбар холбоодтой үндэсний хэмжээний залуу уяачдын холбооны 2017 оны шилдэг холбоогоор “Хэнтий аймаг дахь салбар холбоо” шалгарчээ.
Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн, ММСЗУХ-ны Ерөнхийлөгч Д.Гантулга, Дэд ерөнхийлөгч Н.Батбаяр, ЕНБД Н.Мөнхбаясгалан, Хяналтын зөвлөлийн дарга Э.Цэнд-Аюуш, ММСЗУХ-ны Хөвсгөл, Төв, Дорнод аймгийн салбар холбоодын тэргүүн, тэргүүлэгч, нарийн бичгийн дарга нар оролцжээ.
Шинэ жилийн баяраараа Хэнтий аймгийн хэмжээнд шилдгүүдийг шалгаруулсан бөгөөд шилдэг хүлэг, шилдэг морины зүтгэлтэн, шилдэг залуу уяач, шилдэг уралдаанч хүүхэд нар тодорч, Монголын морин спорт, залуу уяачдын холбооны нэрэмжит шагналуудын эзэд болцгоожээ.
Дашрамд дурьдахад Монголын морин спорт, залуу уяачдын холбоо нь уламжлалт хурдан морины уралдааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан зүтгэлтнүүд болон алдар цуутай хурдан хүлэгийн эздэд “Шилдэг морины зүтгэлтэн”, авъяас билэгт залуу уяачдад “Шилдэг залуу уяач”, адтай одтой уралдаанч хүүхдүүдэд “Шилдэг хүлэгч хүүхэд” зэрэг нэрэмжит шагналуудыг энэ жилээс эхлэн олгож эхэлжээ. Ийнхүү залуучуудынхаа төлөө тэр дундаа малчид, уяачдынхаа төлөө өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн бүтээснээ дүгнэн хэлэлцэж, амжилт бүтээлээ бахархан тэмдэглэсэн нэгэн үдшийг залуу уяачид маань тэмдэглэн өнгөрүүлжээ.