Монгол Улсын Засгийн газар болон хөгжлийн түншүүдийн хамтарсан зөвлөлдөх уулзалт 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
Тус зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын хөгжлийн түнш 21 орны элчин сайдууд болон удирдах албан тушаалтнууд, 19 олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын төлөөлөгчид, Монгол Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүд, төрийн бус байгууллагын төлөөлөгчид болон бусад албаны хүмүүс нийт 170 гаруй төлөөлөгчид оролцсон.
“Тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаа” нэрийн дор зохион байгуулагдсан Монгол Улсын Засгийн газар болон хөгжлийн түншүүдийн хамтарсан зөвлөлдөх уулзалтыг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат албан ёсоор нээлээ. Монгол Улсын Ерөнхий сайд өнөөгийн эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах, эдийн засгийг тогтворжуулах, цаашдын өсөлтийг хангах бодлогыг хэрэгжүүлэхэд эдийн засгийг төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дэвшилтэд технологийг түлхүү нэвтрүүлэх замаар бүтээмж, үр ашгийг дээшлүүлэх нь чухал гэдгийг онцоллоо.
Түүнчлэн, богино хугацааны эдийн засгийн хүндрэлийг даван туулах зорилгоор эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөрийг Улсын Их хурлаар батлуулсныг танилцуулж, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд түнш орнууд, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллахад Засгийн газраас өндөр ач холбогдол өгч байгааг мэдэгдэв.
Зөвлөлдөх уулзалтаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, Засгийн газраас эдийн засгийг тогтворжуулах, сэргээхэд авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, хөгжлийн түншүүдтэй хамтран ажиллах төсөл хөтөлбөрийг дэлгэрэнгүй танилцууллаа. Харин Олон улсын валютын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер нь дэлхийн болон бүс нутгийн эдийн засгийн төлөв байдлын танилцуулж, Монгол Улсын эдийн засагт үзүүлэх нөлөөллийн талаар байр сууриа илэрхийллээ.
Уулзалтын хоёр дугаар хагаст Засгийн газар хөгжлийн дунд, урт хугацааны бодлого, тэргүүлэх чиглэлээ танилцуулан, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтыг хангах, хэрэгжүүлэх хүрээнд хөгжлийн түншүүд хэрхэн дэмжин, хамтран ажиллах талаар санал солилцлоо. Мөн эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, эдийн засгийг төрөлжүүлэх, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг дэмжих асуудлуудын тадаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.
Зөвлөлдөх уулзалтыг Монгол Улсын Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан захирал Берт Хофман, НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Беате Транкман, Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн нар хамтран амжилттай удирдлаа.
Уулзалтын үр дүнд Засгийн газраас эдийн засгийг сэргээх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, Засгийн газрын дунд болон урт хугацааны бодлогын хүрээнд хөгжлийн түншүүдтэй хамтран ажиллах салбар, чиглэл, хүрээг тодорхойллоо. Хөгжлийн түншүүд Монгол Улсын Засгийн газрын бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг илэрхийлж Монгол Улсын Засгийн газар, хөгжлийн түншүүд хамтарсан мэдэгдэл гаргалаа.