Иргэдийн хувьцааг “Эрдэнэс-Тавантолгой” компанийн баланс дээр бүртгэх шийдвэр гарлаа.
“Эрдэнэс-Тавантолгой”-н компанийн ТУЗ-ийн хурал өнөөдөр боллоо. ТУЗ-ийн хурлаар иргэдийн эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцааг албан ёсоор “Эрдэнэс-Тавантолгой” компанийн баланс дээр бүртгэх шийдвэрийг гаргажээ.
ТУЗ-өөс өгсөн удирдамжийн дагуу “Эрдэнэс-Тавантолгой”-н компанийн балансад хувьцаа эзэмшигчдийн нэрсийг оруулан, нэгтгэн, баталгаажуулснаар хоёр дахь зах зээлд нэвтрэх үүд нээгдэж байгааг компанийн захирал Д.Ариунболд онцолсон. Одоо Санхүүгийн зохицуулах хороонд хүсэлтээ гаргах юм байна.
“Эрдэнэс-Тавантолгой” компанийн ТУЗ-ийн хурлаар 2017 оны санхүүгийн балансыг хэлэлцжээ. Өнгөрсөн онд “Эрдэнэс-Тавантолгой” компани улсад 240 гаруй тэрбум төгрөгийн татвар төлж, 438 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна.
2017 оны гуравдугаар сард Хятадын Чалько компанийн өрийг бүрэн барагдуулж дууссан. Мөн өнгөрсөн онд Хөгжлийн банкинд 100 сая ам.долларын төлбөрийг барагдуулсан бол өчигдөр дахин 50 сая долларын өрийг төлснөөр цаана нь 50 сая ам.долларын өр төлбөрийн асуудал үлдэж байгаа юм байна.
Компани хувьцаагаа эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд гадаад, дотоод өр төлбөргүй байх ёстой юм байна. Энэ нь хөрөнгийн зах зээлийн суурь шаардлага. Хөгжлийн банкны үлдсэн 50 сая ам.долларын зээлийг бид ирэх хоёр сарын хугацаанд барагдуулна гэдгийг “Эрдэнэс-Тавантолгой”-н гүйцэтгэх захирал Д.Ариунболд мэдэгдлээ.
Тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал гуравдугаар сарын сүүлээр болох бөгөөд тухайн үед Засгийн газар ногдол ашиг тараах боломжтой эсэхийг шийдвэрлэх аж. Энэ онд “Эрдэнэс-Тавантолгой” компани 10 сая тонн нүүрс экспортод гаргахаар төлөвлөжээ.
Дашрамд дурдахад, Засгийн газрын тогтоолуудаар нийтдээ 465 тэрбум төгрөгийг мөнгөн хэлбэрээр ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнуудад, мөн зарим иргэдийн хувьцааг худалдан авахад зарцуулсан байдаг. Одоогоор 2.2 сая гаруй хүн “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааг эзэмшиж байгаа статистик дүн гарчээ.