Нүүр хуудас Эдийн засаг “Их хотын хямдралтай худалдаа”-г цан цохиж эхлүүлэв

“Их хотын хямдралтай худалдаа”-г цан цохиж эхлүүлэв

544
0

Нийслэл хот үүсч байгуулагдсаны 378 жилийн ойн баярыг угтсан Их хотын хямдралтай худалдааны нээлт Улаанбаатар их дэлгүүрт боллоо.
Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Баярхүү цан цохисноор Их хотын хямдралтай худалдааг эхлүүлсэн юм.
Тэрээр хэлэхдээ, “Нийслэлийн Засаг даргын тамгын газар, хувийн хэвшлийнхэнтэй хамтран Их хотын хямдралтай худалдаа эхлүүлж байна. Эдийн засгийн хямралтай байгаа энэ үед ард иргэдийн худалдан авах боломжийг нээхийн зэрэгцээ аж ахуйн нэгжүүд борлуулалтаа нэмэгдүүлэхэд их хотын хямдралтай худалдаа бодит үр дүн үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Нийслэлээс аж ахуйн нэгж, байгууллагуудад хандан уриалга гаргасныг Улаанбаатар их дэлгүүрийн хамт олон дэмжин хүлээн авсанд талархаж байна. Их хотын хямдралтай худалдааг олон байгууллагууд давалгаалан хүлээн авна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлов.
Улаанбаатар их дэлгүүр гоо сайхны бүтээгдэхүүн болон бэлэн хувцсандаа 10-50 хувь хүртэлх хямдрал зарлажээ. Хямдралтай худалдаа 7 хоног үргэлжилнэ.
Жил бүр уламжлал болсон хямдралтай худалдаагаар бодит хямдрал зарладаггүй хэмээн иргэд шүүмжилдэг. Энэ удаа хотын удирдлагууд аж ахуйн нэгжүүдэд бодит хямдрал зарлахыг уриалсан. Тодруулбал, эдийн засгийн хүндрэлийг хамтдаа даван туулж, улс орныхоо тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэх арга хэмжээний хүрээнд төр засгаас хэрэгжүүлж буй бодлогыг дэмжин худалдаа, үйлчилгээний үнийг бууруулж, нийслэлийн баярын өдрөөр хямдралтай, бэлэгтэй худалдаа, үйлчилгээ үзүүлж хамтран ажиллахыг уриалсан. Тус уриалгыг Алтан тариа, Талх чихэр, Өгөөж чихэр боов, Сүү, АПУ, Дархан нэхий, Буян, Саммит компьютер технологи, Алтан жолоо трейд зэрэг 72 аж ахуйн нэгж дэмжин ажиллахаа илэрхийлжээ. “Их хотын хямдрал-378” нэгдсэн арга хэмжээ энэ сарын 29-нийг хүртэл үргэлжилнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here