Монгол Ардын намын бүлгийнхэн УИХ-ын чуулганы хуралдаан болон байнгын хороодын хуралдааны ирцээ бүрдүүлж чадахаа больжээ. Залуу гишүүд нь хурлаа тасалж, гадаадад томилолттой гэх нэрээр “зугаалж” байгааг зарим гишүүд шүүмжилж байна. УИХ-ын гишүүн О.Баасанхүү“ард түмэнд хэрэгтэй хууль хэлэлцэж байхад Ардын намынхан хуралдаа суудаггүй” хэмээн шүүмжилж, Фэйсбүүк хуудсаараа дамжуулан лайв хийж /Live/ бусдынхаа дургүйцлийг хүргээд авсан.
Байнгын хорооны хурлаар чухал хууль хэлэлцэж байхад дөрөв, тавхан гишүүн суучихсан, чуулганы хурлаар хууль баталж байхад 20 хүрэхгүй гишүүн кноп дарж суух нь хэр ёс зүйтэй үйлдэл вэ. Тэдний үндсэн ажил чуулган болон байнгын хорооны хуралдаанд сууж олон нийтэд хэрэгтэй хууль батлах. Гэтэл үндсэн ажлаа умартан, гадаад орноор “зугаалж яв” гэж иргэд тэднийг сонгоогүй байх. Намрын чуулган эхэлснээс хойш л ирцийн асуудал хөндөгдсөн.
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “олонхийн бүлэг ирцээ бүрдүүлэхэд асуулгүй баймаар. Гэтэл зарим гишүүд хуралдаа ч суухгүй, зарим нь хурал дуусах гэж байхад ирж байгаа”-г шүүмжилж байсан. Тэрбээр “Гишүүд ээ, баяртай үйл явдал боллоо. Л.Оюун-Эрдэнэ гишүүн ажлын цаг дуусч байхад хуралдаандаа ирлээ. Өвчтэй гэж дуулдсан. Гэхдээ үүнийгээ УИХ-ын Тамгын газарт мэдэгдэж байх хэрэгтэй. Өдөржин Д.Гантулга та хоёрыг хайлаа” хэмээн “ичээсэн” удаатай. Гэвч гишүүд ажлаа тасалсан хэвээр л байна. Хаврын чуулган эхэлснээс хойших ирцийн мэдээллээр шалтгаангүй ажил тасалсан гишүүдээр МАН-ын бүлгийн гишүүн О.Содбилэг, Д.Гантулга, Д.Цогтбаатар, С.Батболд Ардчилсан намын бүлгээс УИХ-ын гишүүн Б.Наранхүү нар тодорсон байна.
Мөн бие даагч С.Жавхлан чуулганы хуралдаанд тоотойхон суужээ. Ганц удаа суухаараа хэлэлцэж буй асуудлаас тэс хөндлөн юм ярьчихаад гарч явсан. Ихэнхи гишүүд өглөө картаа хийчихээд өрөөндөө орох эсвэл гадуур уулзалттай гээд шалтгаан тоочоод чуулганы хуралдаанд суудаггүй байна. Ингэж төрийн ажлыг завхаруулж, хууль баталж болохгүйг сөрөг хүчнийхэн шүүмжлэхээс гадна эрх баригч намын зарим гишүүд энэ талаар дуугарч эхэлээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан өнгөрсөн баасан гаргийн чуулганы хуралдаан дээр нэлээн бухимдангүй хэлсэн үгэндээ “Өнгөрсөн парламентын үед Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн төслийг маш цөөхөн хүн хэлэлцсэн. Тэнд би ганцаараа суучихаад хэрүүл хийж байсан. Өнөөдөр 25, 6 хүн байна. Хүний эрх ярьж байгаа асуудал дээр цөөхөн хүнтэй байж болдоггүй. Бусад гишүүд хаачсан юм бэ, ямар томилолтоор явж байгаа юм. Эсвэл гадагшаа зугаалаад явж байгаа юм уу, энийг тодруулж надад мэдээлэл өгөх хэрэгтэй. Тамгын газраас мэдээлэл шаардаж байна. Жаахан хариуцлагатай байя. Үндсэн ажлаа яагаад хийхгүй байгаа юм бэ. Төрийн хуулийг батлахдаа ард түмний хүсэл зоригийг илэрхийлэл болж сонгогдчихоод ажлаа хийхгүй байна” хэмээн шүүмжилсэн билээ.
Мөн УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Д.Лүндээжанцан гишүүнтэй 100 хувь санал нэг байгаагаа илэрхийлээд “О.Баасанхүү арга нь буруу болохоос биш зөв шүүмжлээд байгаа шүү. Манай энэ баруун талын гишүүд байнга ийм онгорхой байгаа. Алга болсон гишүүдээ бүрдүүлээч, хаана юугаа хийж тэнэж яваад байгаа юм бэ. Намын бүлэг дээрээ энэ асуудлаа авч хэлэлц, ял үүрч байгаа юм шиг энд сууж байдаг хэдэн хүүхэнтэй, гадуур зугаалаад явж байдаг ямба эдлэдэг хэдэн гишүүнтэй. Ийм байж болохгүй. Байнга ийм байдалтай байна. Бүлгийн дэд дарга Б.Саранчимэгээ, өөрийн чинь хавийн гишүүд ерөөсөө суудаггүй шүү. Ямар тусгай эрхтэй хүмүүс юм бэ” хэмээн хатуухан шүүмжилсэн. Намрын чуулганы үеэр Ц.Нямдорж гишүүнд загнуулсан гишүүд хэсэгтээ чуулганыхаа хуралдаанд сууж харагдсан. Харин энэ удаад “65”-ын бүлгийн ирцийн мэдээлэл бүлгийн хэмжээнд яригдахаар асуудал үүсгэж байна. Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн энэ үед МАН-ын бүлгийнхэн гишүүддээ “хэл ам татлахгүй байх” чиглэлийг өгсөн боловч 65 гишүүнийнхээ ирцийг бүрдүүлж чадахгүй болоод байна.