Цагдаагийн ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн албанаас Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Крипто валют, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх нь” сэдэвт сургалт өнөөдөр /2019.05.02/ Мөрдөн байцаах албаны хурлын тэнхимд зохион байгуулж байна.
Энэхүү үйл ажиллагааны нээлтэд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Эдийн засгийн ахлах зөвлөх, Эдийн засгийн албаны дарга, ноён Андрей Мюнтан болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Монгол Улсын цагдаагийн байгууллага алба хаагчдаа мэргэшүүлэх, ялангуяа мөнгө угаах, цахим гэмт хэрэг, терроризм, зэрэг үндэстэн дамнасан зохион байгуулалттай болон шинэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чадавхийг сайжруулахад онцгой анхаарал хандуулж, гадаад дотоодын төрийн болон төрийн бус байгууллага, хууль сахиулах чиг үүрэг бүхий байгууллагуудтай нягт хамтран ажиллаж ирсэн.
Манай улс төдийгүй, дэлхий улс орнуудын тулгамдсан асуудлуудын нэг болох “Крипто валют, даркнет, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх нь” сэдвийн дор Монгол улсын цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Монгол Банкны Санхүүгийн мэдээллийн алба, Гаалийн ерөнхий газар зэрэг төрийн байгууллагуудын чиглэл хариуцсан албан тушаалтан алба хаагчдын дунд зохион байгуулж байгаагаараа онцлог болж байна.
Энэхүү сургалт нь крипто валют, даркнеттэй холбоотой гэмт хэрэг, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр Монгол улсын холбогдох, төрийн байгууллагуудын чиглэл хариуцсан албан тушаалтнуудын чадавхийг дээшлүүлэх, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд чиглэл хариуцсан албан тушаалтнуудын чадавхийг дээшлүүлэх, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгамдаж буй бэрхшээлийг нээн илрүүлэх, шийдвэрлэх арга замыг тодорхойлох үр дүнтэй юм.