Эрчим хүч хэмнэх, үр ашгийг дээшлүүлэх зорилгоор Эрчим хүчний Зохицуулах Хороо, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагатай хамтран Багануур, Налайхын Дулааны Станц, Улаанбаатар Дулааны Сүлжээ, Говь, Махимпекс зэрэг 15 компанийн эрчим хүчний хэмнэлтийн байдалд нь жишиг аудит хийжээ. Аудитын дүнгээр жилдээ 35 тэрбум төгрөгийн өртөг бүхий 260 орчим сая кВт. цаг эрчим хүч хэмнэх боломжтой гэсэн тооцоо гарсан байна.
Дээрх төслийг Эрчим хүчний зохицуулах хороо, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага, Олон Улсын зөвлөх үйлчилгээний “PWC” компани хамтран хэрэгжүүлжээ.
Эрчим хүчний Зохицуулах Хороон дарга А.Тлейхан ярихдаа, “Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын хөрөнгөөр Энэтхэгийн мэргэжилтнүүд зургаан сарын турш 15 компанийн эрчим хүчний хэрэглээнд аудит хийсэн дүнг өнөөдөр танилцуулав. Монгол Улсын эрчим хүчий хэмнэлтийн тухай хууль 2015 онд батлагдсан. Ингэснээр хэрэглээгээ хянаж хэмнэх эрх зүйн орчин бүрдсэн. Дээрх 15 байгууллагын эрчим хүчний хэмнэлт Эрдэнэтийн цахилгаан станцын жилийн турш үйлдвэрлэсэн цахилгаантай тэнцэж буй юм. Жилд 10 хувийн хэмнэлт гаргаснаар 700 сая кВт. цаг эрчим хүч хэмнэх боломжтой гэдгийг тогтоосон” гэлээ.
Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын Монгол дахь хөтөлбөрийн хүрээнд эрчим хүчний хэмнэлтийн чиглэлээр эхний ээлжийн багц төслүүдийг гаргах юм байна.
Төслийнхний тооцоолсноор манай улсад эрчим хүч хэмнэлтийн арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийт 58 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдана. Уг хөрөнгө оруулалтыг гурван жилийн дотор нөхөх боломжтойг гадны мэргэжилтнүүд онцолсон. Улмаар эрчим хүч хэмнэснээр 620 мянган тонн нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах юм.
Аудит хийлгэсэн Витафит Инвест ХХК-ийн хувьд өнгөрсөн онд 6.2 сая кВт.цаг эрчим хүч хэрэглэж тэрбум гаруй төгрөгийн зардал гаргасан. Тус компани эрчим хүчний хэмнэлт хийснээр 18-20 хувь буюу 200 гаруй сая төгрөг хэмнэх боломжтой байсныг жишиг төслийнхэн дүгнэсэн байна.
Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага нь Монгол дахь хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын Ногоон зээлийн сан байгуулж, уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөл үзүүлэх, ногоон хөгжлийн төсөл хөтөлбөрүүд, ялангуяа санхүүжүүлэхэд бэлэн болсон төслүүдэд чиглэсэн үндэсний санхүүгийн механизм бүрдүүлэхээр ажиллаж буй аж.
Энэхүү жишиг аудитын төсөлд хамарсан 15 аж ахуйн нэгж болон бусад үүрэг хүлээсэн аж ахуй нэгжүүдийн эрчим хүчний хэмнэлтийн төсөл арга хэмжээг Ногоон зээлийн сангаар дамжуулан санхүүжүүлэх юм байна.
Дашрамд дурдахад Монголд анх удаа эрчим хүчний жишиг аудит хийсэн “PWC” компани нь дэлхийн 159 оронд салбартай, нийт 213 мянан ажилтантай, салбартаа орлогоороо тэргүүлэгч байгууллага аж.