Улаанбаатар хотод 11, орон нутгийн хэмжээнд 25 нийт 36 музей улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байна.
Эдгээр музейн цаашдын хөгжил, эрх зүйн байдлын талаар СУИС, ОХУ-ын Дорнод Сибирийн Соёлын дээд сургуультай хамтран “Тогтвортой хөгжил- Өв ба музей” сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулав.
СУИС-ийн Соёлын сургуулийн захирал Г.Сүхбат хэлэхдээ,
“Музей бол үндэстний хамгийн том ой санамж бөгөөд улс орон тэргүүн эгнээндээ байлгах ёстой өв соёл юм. Бусад орон соёлын өвөө хадгалж, хамгаалахад анхаарал хандуулан хөрөнгө мөнгө гаргадаг. Гэвч манай улсад музейн зориулалтын барилга байгууламж цөөн байгаа нь харамсалтай. Сүүлийн үед бид төрийн байгууллагын тогтолцоо суларлаа гэж ярих болсон нь соёлын ой санамж, өв уламжлал гээгдсэнтэй холбоотой. Соёлын өвөө хадгалж, хамгаалах нь Монгол хүн бүрийн оролцох ёстой чухал асуудлын нэг” хэмээв.
БСШУСЯ-ны соёлын биет өвийн бодлого хариуцсан мэргэжилтэн Б.Даваацэрэн хэлэхдээ,
“Улсын өмчийн 36 музейд нийт 83 барилга байгууламж ашиглагддаг. Эдгээр барилгууд насжилт өндөртэй, стандарт шаардлага хангадаггүй. Үүнээс ердөө 5 барилга нь л музейд зориулагдсан. Яамнаас барилгыг эрэмбэлж, дарааллын дагуу 4 музейг шинэчлэхээр төлөвлөсөн. Мөн боломжтой гадаад эх үүсвэрээс хөрөнгө босгож, музейн барилгыг шинэчлэн, өргөтгөх төслүүд явагдаж байна. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсад музейн хууль байгаагүй. Одоо музейн хуулийн хэрэгцээ өндөр байна. Шинээр бий болох музейн хууль үйл ажиллагааг эрх зүйн орчинд таатай зохион байгуулах боломж бүрдүүлнэ” гэв.
Тус хурлаар Монгол Улс болон ОХУ-ын музейн хөгжлийн чиг хандлага, соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, мэргэжилтэн бэлтгэж буй тогтолцоо, үр дүн хөгжлийн талаар хоёр орны эрдэмтэн судлаачид илтгэл хэлэлцүүлж, цаашдын хамтын ажиллагаа болон хамтарсан төслүүдийнхээ үр дүнгийн талаар харилцан санал солилцсон юм.