~Бага насны хүүхдүүдийн “Замын хөдөлгөөний цагаан толгой-2018” тэмцээн боллоо~
Бага насны хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэг олгох, хөдөлгөөнд соёлтой оролцох дадлыг багаас нь зөв эзэмшүүлэх зорилгоор цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд жил бүр зохион байгуулагддаг “Замын хөдөлгөөний цагаан толгой-2018” тэмцээн Говь-Алтай аймагт боллоо.
Тэмцээнд Есөнбулаг сумын есөн цэцэрлэгийн 80 гаруй хүүхэд багачууд оролцож, улаан дохиур, ногоон хантааз, цагаан бээлий, өнгө өнгийн цагдаагийн хувцсаар ижилсэн үеийнхээ найзууд болон ээж аавдаа хандан замын хөдөлгөөнд дүрэмээ баримтлан оролцохыг уриалж, авхаалж самбаа, авьяас билгээрээ өрсөлдлөө.
Өнгөрөгч 2017 онд Говь-Алтай аймгийн хэмжээнд долоон хүүхэд зам тээврийн осолд өртсөн байна. Харин он гарсаар эхний таван сарын байдлаар зам тээврийн осолд бага насны хүүхэд бүртгэгдээгүй гэдгийг тодотгож байлаа.
Тэмцээний үеэр үзэгчдийн сонирхлыг татсан үзүүлбэр бол бага насны хүүхдэд замын хөдөлгөөнд соёлтой оролцоход нь тустай мэдлэг, мэдээллийг өгч чаддаг жүжигчилсэн тоглолт.
Оролцогчид авто зам дээр өрнөдөг нөхцөл байдлыг жүжигчилсэн байдлаар харуулахаас гадна замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж буй томчуудын үйлдлийг ч илэрхийлжээ.
Тэмцээний тэргүүн байрт Есөнбулаг сумын Улсын тэргүүний нэгдүгээр цэцэрлэгийн “Шонхорууд” баг, дэд байрт Есөнбулаг сумын хоёрдугаар цэцэрлэгийн “Зохицуулагч” баг, гуравдугаар байрт Есөнбулаг сумын гуравдугаар цэцэрлэгийн “Сонор” баг шалгарч өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагнал, анхны тусламжийн эмийн сангаар шагнууллаа.