Өнгөрсөн пүрэв гарагт хуралдсан нийслэлийн ИТХ-ын ээлжит XX хуралдааны эхний хэлэлцүүлгээр “Нийслэлийн 2019 оны төсөв батлах тухай”, “Нийслэлийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай”, “Нийслэлийн өмчөөс 2019 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай”, “Концессын зүйлийн жагсаалт шинэчлэн батлах тухай” асуудлыг хэлэлцсэн.
Улмаар хуралдааны дэгийн дагуу нийслэлийн ИТХ-ын хороод, МАН, АН-ын бүлэгт шилжүүлж, хуралдаан түр завсарласан. Тэгвэл хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлгийг энэ сарын 4-ний өдөр хуралдуулахаар байсан боловч хурал дахь АН-ын бүлгээс 05/176 тоот, МАН-ын бүлгээс 05/177 тоот, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 03/4728 тоот албан бичгээр төсөв батлах хэлэлцүүлгийг нэг өдрөөр хойшлуулах санал ирүүлсэн. Энэ асуудлыг нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан хурал дахь бүлгүүдийн дарга нартай зөвшилцсөний үндсэн дээр маргааш (2018.12.05-ны өдөр) хуралдуулахаар болж, хурал дахь намын бүлгүүд болон асуудал өргөн барьсан Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт асуудлыг сайн нягталж, төлөөлөгчдийн саналыг тусгах, төлөвлөлтөө сайжруулах боломж бүрдүүлж өгчээ.
Мөн нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдаан хурал дахь АН-ын бүлгийн саналыг үндэслэн хуралдааны дэгийн дагуу 2018 оны арванхоёрдугаар сарын 04 хүртэл түр завсарлуулсан. Үүнтэй холбогдуулан тус асуудлаар хэлэлцэн санал хураалт явуулах байсан боловч хуралдаан завсарлах явцад нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нь Монгол Улсын Ерөнхий сайдад албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ 2018 оны арваннэгддүгээр сарын 27-ны өдөр гаргасан байна.
“Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 32.4 дэх хэсэгт заасны дагуу нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцруулах саналаа Монгол Улсын Ерөнхий сайдаас буцаан татаж байгаа талаар албан бичгээр илэрхийлсэн болно.
Үүний улмаас Монгол Улсын Ерөнхий сайд “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу Засаг даргыг чөлөөлөх эрх зүйн үр дагавар үүссэн тул уг асуудлыг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдөөс ээлжит бус V хуралдааныг үргэлжүүлэн хуралдуулж, тухайн асуудлаар санал хурааж шийдвэрлэх шаардлагагүй болсон байна.