Монголбанкны алт худалдан авах үнэ 8 сарын 1-ны байдлаар нэг грамм нь 99,294.94 төгрөг болсон бөгөөд энэ нь сүүлийн хоёр сарын хамгийн өндөр үнэ байсан бол Монголбанк 9-р сарын 12-нд буюу өчигдөр 608 кг алт худалдан авчээ. Энэ нь жирийн өдрийнхөөс зургаа дахин их алт худалдан авсан үйл явдал байжээ. Лондонгийн металлын бирж дээр байнга хэлбэлзэж байдаг алтны ханш өчигдөр 2017 оны хамгийн өндөр ханштай байсан учраас ийнхүү алт худалдан авалт нэмэгдсэн байна. Өчигдөр нэг грамм алт 105,678 төгрөгийн ханштай байсан нь Монгол банкны худалдаж авсан алтны тоо нэмэгдэхэд нөлөөлжээ. Монголбанк нь өнгөрсөн оны сүүлээс алтны үнийг Лондонгийн үнэт металлын захын үнээр иргэд, аж ахуйн нэгжүүдээс худалдан авч эхэлсэн бөгөөд он гарснаас хойших долоон сарын хугацаанд Монголбанканд нийт 8.94 тонн алт тушаагаад байна.