Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250км даацын авто замыг 2017-2019 онд шинэчилж дуусна.
Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.6 км, Тавантолгой-Гашуунсухайтын 250 км, Баруун-Урт-Бичигт чиглэлийн 272 км их даацын хатуу хучилттай авто зам барихаар Засгийн газрын өнөөдрийн (2017.06.14) хуралдаанаар шийдвэрлэлээ.
Уралдаант шалгаруулалтыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулахыг Үндэсний хөгжлийн газарт даалгав.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км хүнд даацын хатуу хучилттай автозамыг говийн бүсийн экосистемийг хамгаалах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, автотээврийг сайжруулах зорилгоор шинэчлэх юм.
Энэ чиглэлийн замаар өдөрт 1000-1300 хүртэл тээврийн хэрэгсэл нэвтэрч байгаагийн улмаас зам эвдэрч, осол, зөрчил ч их гарч байна. Замыг шинэчилснээр тээвэрлэлт 2.5 дахин өсч, нүүрсний экспорт нэмэгдэн, тээвэр ашиглалтын зардал багасч, улмаар ажлын байр бий болж, орон нутагт ядуурал буурна гэж тооцооллоо.
Замыг 2017-2019 онд шинэчилж дуусах ажээ.