Нүүр хуудас Нийгэм Төр барилга барьж хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, бодлого тодорхойлж хяналт тавина

Төр барилга барьж хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, бодлого тодорхойлж хяналт тавина

42
0
Monhbaatar
Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар өнөөдөр /2021-03-26/ хэвлэлээр олон нийтэд мэдээлэл өглөө.

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар өнөөдөр /2021-03-26/ хэвлэлээр олон нийтэд мэдээлэл өглөө.

Тэрээр Барилга хот байгуулалтын сайдаар томилогдсоноос хойш хийж хэрэгжүүлж буй ажлууд, Засгийн газраас барилгын салбарт баримталж буй бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан зорилтуудын хэрэгжилт, үр дүнгийн талаар танилцуулав.

Тооцоо судалгаатай, тодорхой тоо баримттай мэдээлэл өгсөн нь онцлууштай байлаа.
Бага болон дундаж орлоготой иргэд, залуу гэр бүлийн хувьд орон сууц худалдаж авах асуудал амьдралын хамгийн чухал буюу “ТОМ” зорилгуудын нэг болчихдог.
Орлогод нийцсэн орон сууцаар хангах нь Засгийн газар, Барилгын салбарын нэн чухал ажил.

Энэ талаар салбарын сайдын өгсөн гол мэдээллийг тоймлон хүргэвэл:

Нэгдүгээрт, орон сууцны зээлийн хүртээмжийг нэмэгдүүлсэн. Өнгөрөгч оны сүүлээр Ипотекийн зээлийн хүүг 6% болгож бууруулсан билээ. Ингэснээр зээлд хамрагдах боломж хүртээмжийг нэмэгдүүлж чадсан бодит ажил болсон. Он гарснаас хойш 1673 иргэнд 126,6 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Үүний 26,6% орон нутгийн иргэд хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 40% өссөн байна. Ипотекийн зээлд хамрагдаж байгаа иргэнд дунджаар 50-70 сая төгрөгийн зээл олгож байна.

Орон сууцны эрэлт их байгаагийн хэрээр нийлүүлэлт ямар байгааг нарийвчлан судлахад:
2020 оны байдлаар Нийслэлд 12466 айлын, аймаг орон нутагт 3173 айлын орон сууц буюу улсын хэмжээнд 15639 байр шинээр ашиглалтад орсон байна.

Аж ахуйн нэгжүүдийн барьж ашиглалтад оруулсан барилгуудаас нийт 1,816 айлын орон сууц борлуулагдаагүй байгаа бол 2021 онд 23,591 айлын орон ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Үүнээс нийслэлд 19,191 айл, орон нутагт 4,400 айлын орон сууц төлөвлөгджээ.

2020 онд Орон сууц худалдан авсан иргэдийн 5594 төрөөс хэрэгжүүлж буй ипотекийн зээлд, 5691 арилжааны банкны эх үүсвэрийн зээлд хамрагдсан бөгөөд орон сууцны зээлд нийт 410 тэрбумын санхүүжилт хийгээд байна.

Цаашид ипотекийн зээлийн санхүүжилтийг өсгөж, хүртээмжийг нэмэх бодлого баримтлах бөгөөд “Эрүүл мэндээ дэмжиж эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд 3 их наяд төгрөгийг Барилгын салбарт зарцуулахаас 2 их наядыг орон сууцны зээлийн санхүүжилтэд, 1 их наядыг зорилтот бүлэгт чиглэсэн орон сууц барьж байгуулахад санхүүжилт хийх буюу түрээсийн орон сууц барих бодлогыг үргэлжлүүлнэ гэдгийг хэллээ.

Хоёрдугаарт, Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хувьд өмнө барьсан Буянт-Ухаа 1, 2 хороолол бүрэн ашиглалтад орж, иргэдэд үр дүнгээ өгсөн.
Цаашид 5,000 айлыг орон сууцаар хангах “Залуус 1,2,3” хорооллыг барьж байгуулах ажил Засгийн Газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан бөгөөд байршлын хувьд шинэ суурьшлын бүс буюу Морингийн давааны орчимд байгуулснаар Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах давхар ач холбогдолтой гэж үзэж байгаа.

Энэ талаар Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар хэлэхдээ, 

Залуус 1 хороолол байгуулах ажлыг эхлүүлж, орон нутгийн болон төрийн өмчит газар дээр төлөвлөлтийг хийсэн. ТЭЗҮ-г боловсруулж зураг төслийн тендрийг зарлаж, шалгаруулаад байна. Хамгийн гол нь дэд бүтцийн тооцоолол, шийдлийг гаргасан гэдгийг онцоллоо. Тухайлбал Шинэ хороолол барьж байгуулахад Цэвэрлэх байгууламжийн асуудлыг Нисэхэд шинээр ашиглалтад оруулсан хоногт 2000 м3 хүчин чадалтай цэвэрлэх байгууламжаас эх үүсвэрийг шийдэх боломжтой. Мөн цэвэр усны шугам татах техникийн нөхцөлийг тодорхой болгосон. Эрчим хүчний хувьд Сонгины 110-ын цахилгааны шугамнаас эх үүсвэр авах боломжтой. Дулааныг эхний ээлжинд Нисэхийн эцсээс 3500 айлыг дулаанаар хангах боломж бий. Цашид Амгалан шиг бичил дулааны станц шардлагатай болно. 2021 оны 3-р улиралд эхний ээлжийн гадна инженерийн шугам, сүлжээ, барилгын ажлын зураг төслийг боловсруулж шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэн барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байна.
Эдгээр ажлыг хэрэгжүүлэх хүрээнд инженерийн дэд бүтцийн шийдэл, хорооллын орц гарц, түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх авто замын сүлжээ, нийтийн тээврийн асуудлаар дэд ажлын хэсгүүдийг холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөллийг оролцуулан байгуулсан гэлээ. БХБ-ын яамнаас баримталж буй гол бодлого бол төр өөрсдөө барилга барьж хувийн хэвшилтэйгээ өрсөлдөхийг биш, бодлогоо тодорхойлж, хэрэгжилтэд нь хяналт тавьж, хувийн хэвшлээ дэмжиж, иргэдээ богино хугацаанд орлогод нийцсэн орон сууцаар хангах ажлыг үр дүнтэй зохион байгуулахыг зорьж ажиллаж байгаагаа илэрхийлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here