Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын БНХАУ-ын Бээжин хотод хийж байгаа ажлын айлчлалын үеэр хоёр хотын аж ахуй нэгж, компаниудын бизнес уулзалт анх удаа болж байна.
Уг уулзалтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар худалдааны танхим, Улаанбаатарын хөгжлийн корпораци, Монгол Улсын Элчин сайдын яам болон Бээжин хотын захиргаа хамтран зохион байгуулж байна.
Бизнес уулзалтанд хоёр хотын 100 гаруй аж ахуй нэгжийн удирдлага, төлөөлөл оролцож, эдийн засгийн харилцаа, худалдааг эрчимжүүлэх талаар ярилцаж байна.
“Улаанбаатар хөрөнгө оруулалт-2018“ бизнес уулзалтыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нээж үг хэллээ.
Тэрээр хэлэхдээ ”Xоёр хотын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд “Улаанбаатар хотын өдрүүд” арга хэмжээг Бээжин хотод зохион байгуулж байна. Энэ арга хэмжээний хүрээнд хоёр хотын хувийн хэвшлийн байгууллагуудын
“Бизнес уулзалт” болж байгаад Улаанбаатар хотын даргын хувьд талархаж байна. Учир нь хөрш орнуудын нийслэл хот хоорондын хамтын ажиллагаа стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн хоёр улсын харилцаанд чухал хувь нэмэр оруулах төдийгүй
”Эдийн засгийн харилцаанд“ түлхэц болно гэдэгт итгэлтэй байна. Бээжин хот өдрөөс өдөрт өргөжин тэлж, эдийн засгийн өндөр чадвахитай орчин үеийн хот болсоныг бид бүхэн харж байна. Энэ бүхний ард бизнес эрхлэгчдийн хүч хөдөлмөр оршиж байдаг.
Улаанбаатар хот ч гэсэн хурдацтай хөгжиж, орчин үеийн хот болохоор зорин, томоохон бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтыг хийж байна.
Тоон үзүүлэлтээр дүгнэвэл Улаанбаатар хот нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 64.7 хувийг эзэлж, нийт хүн амын 46 хувь нь ажиллаж, амьдарч байгаа төдийгүй төрд бүртгэлтэй аж ахуй нэгжийн 67 хувь нь нийслэл хотдоо идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.
Мөн жилээс жилд төсвийн орлого нэмэгдэж, энэ хэрээр аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа ч эрчимжиж байгаа юм. Худалдаа үйлчилгээний салбараас өгсүүлээд дэд бүтэц, зам гүүрийн салбарт ч БНХАУ-ын аж ахуй нэгжүүд манай аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллаж, нийслэл хотын маань хөгжилд бодитой хувь нэмэр оруулж ирлээ.
Тиймээс энэ удаагийн “Улаанбаатарын өдрүүд” арга хэмжээний хүрээнд бизнес уулзалт хийхээр төлөвлөсөн нь хоёр хотын цаашдын хамтын ажиллагааны гол хөдөлгөх хүч нь “Хувийн хэвшлийнхний түншлэл” гэж үзсэн явдал юм” гэлээ.
~Улаанбаатар-Бээжин хотын аж ахуй нэгжүүдийн “Бизнес уулзалт” эхэллээ~
“Улаанбаатарын хөрөнгө оруулалт-2018” бизнес уулзалтад БНХАУ-ын Бээжин хотын Ардын төлөөлөгчдийн Их хурлын дэд дарга Жан Чин хэлэхдээ
“2014 онд Улаанбаатар Бээжин хотын хооронд ах дүү хотын хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Үүнээс хойш хоёр хотын харилцаа эрчимтэй хөгжиж, бүхий л салбарт өргөжин тэлж байна.
Ялангуяа Монгол-Хятад улсын хооронд хэрэгжүүлэх, цаашлаад хөрш орнуудын хэмжээнд дэвшүүлээд байгаа ”Нэг бүс-нэг зам”-ын хөгжлийн гол түшиц нь хоёр улсын нийслэл хотуудын юм.
Бээжин хот нь дөрвөн мянган жилийн түүхтэй. Хот байгуулалт, дэд бүтэц, өндөр технологи, соёл урлаг, инноваци хөгжсөн хот. Харин Улаанбаатар хот нь сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа залуу хот. Түүнчлэн хөрш орнуудын нийслэл хот гэдгээрээ манай хоёр хот нь үнэнч түншүүд юм.
Өнөөдөр Бээжин хотод өндөр технологи хөгжсөн, худалдааны эргэлт, үйлдвэрлэлээрээ тэргүүлж байгаа нэгдүгээр зэрэглэлийн компани, аж ахуй нэгжийн тоо 20 мянга хол даваад байна.
Хоёр, гуравдугаар зэрэглэлийн үйлдвэрлэл ч хурдацтай хөгжиж байгаа нь гуравдугаар зэрэглэлийн үйлдвэрлэлийн тоо 4 мянгад хүрч, орлого нь 60 тэрбум америк долларт хүрсэнээр харагдана. Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын аж ахуй нэгжээс Монгол улсад оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг тоон үзүүлэлтээр гаргахад 80 сая америк долларт хүрсэн байна.
Уул уурхай, хайгуул, хөдөө аж ахуйн салбар зонхилжээ. Үүнээс л илүү хамтын ажиллагааны салбарууд болон өргөн хүрээтэй боломжууд бий. Бээжин хотын аж ахуй нэгжүүд гадаадад хөрөнгө оруулалт хийх сонирхол их.
Ялангуяа Улаанбаатар хотод хөрөнгө оруулалт хийх хүсэл эрмэлзэлтэй байгааг энэхүү бизнес уулзалтын эхэнд онцлон хэлье. Улаанбаатар хотын даргын энэ удаагийн айлчлал хоёр хотын эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргалаа гэж тодотгох нь зүйтэй” гэсэн байна.