“Эрдэс баялгийн томоохон төслүүд дэх төрийн үүрэг, оролцоо” сэдэвт олон улсын семинар Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.
Гадаад харилцааны яамны Олон улсын хамтын ажиллагааны сан, Канадын Олон улсын эрдэс баялаг, хөгжлийн хүрээлэн” (CIRDI) хамтран зохион байгуулж буй тус хуралд Афганистан, Киргиз, Лаос, Мьянмар, Монголын Засгийн газрын уул уурхай, эрдэс баялгийн салбарын яам, агентлаг, төрийн өмчит аж ахуйн нэгжийн удирдах албан хаагчид оролцож байгаа юм.
Энэхүү семинарт уул уурхайн төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд төрийн оролцоо, үүрэг ямар байх нь оновчтой талаар улс орнуудын төлөөллүүд харилцан санал солилцох юм.
Тус хурал нь уул уурхайн түүхий эдийн үнийн оргил үеийн дараа болж байгаагаараа ихээхэн онцлог юм. Уул уурхайн төслүүд дэх төрийн оролцоо хөгжингүй орнуудад бага байдаг бол хөгжиж буй орнуудад өндөр байх ерөнхий хандлага ажиглагддаг байна.
Томоохон улс оронд эдийн засагт нь уул уурхайн салбарын эзлэх байр суурь төдийлөн их биш болсон байдаг тул төрийн оролцоог чухалчилдаггүй бол жижиг, хөгжингүй улсад эсрэгээр энэ салбар нь нөлөө ихтэй байдгаас төрийн эзэмшлийг харьцангуй өндөр байлгахыг эрмэлздэг тухай семинарт илтгэл тавьсан судлаач Matthew Genasci тайлбарлалаа.
Дэлхийн улс орнуудын хувьд 1984 онд уул уурхайн төслүүд дэх төрийн оролцоо хамгийн оргилдоо хүрч байсан бол үүний дараагаар харьцангуй буурах хандлагатай болжээ. Гэхдээ байгалийн нөөц баялгийн үнэ дэлхийн зах зээлд өсөх үед төслүүд дэх төрийн оролцоо нэмэгдэх хандлагатай болдог байна. Яг энэ жишгээр 2004-2012 онд үргэлжилсэн ашигт малтмалын үнийн оргил мөчлөгийн үед төрийн оролцоо энэ салбарт дахин тэлэх хандлага бий болжээ.
Манай улсын хувьд төрийн оролцоо уул уурхайн томоохон төслүүдэд 34-51%-тай байхаар хуульчлагдсан байдаг нь төрд ирэх санхүүгийн дарамтыг нэмэгдүүлж буй нь сүүлийн жилүүдэд улам тодорхой болсон. Иймд Цагаансуваргын төсөл дээр төрөөс санхүүжилт хийхгүйгээр тогтсоноос гадна Гацууртын орд дээр төрийн эзэмшлийн оронд тусгай роялти авахаар болсон билээ.
Тус семинарт Монголын талаас УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, С. Оюун, “Эрдэнэс Монгол” компанийн ерөнхий эдийн засагч Ч. Отгочулуу, “Эрдэнэт” үйлдвэрийн Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Б. Намхайнямбуу, “Багануур” компанийн Гүйцэтгэх захирал М. Отгонбаяр, Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М. Баянмөнх, эдийн засагч Ч. Хашчулуун болон бусад төлөөлөгч оролцож байна.