Жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-ийг дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын эсрэг өдөр болгон зарласан билээ. Иймд маргааш болох уг өдрийг тохиолдуулан Монгол Улсад дээрх өвчний эсрэг ажил хэрхэн өрнөх талаар Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн хөтөлбөрийн албаны менежер Ш.Галбадрахтай ярилцсан юм.
-Танай холбоо дээрх аймшигт өвчний эсрэг олон арга хэмжээ, сургалт зохион байгуулдаг юм билээ. Энэ жил ямар ажил өрнөж байна вэ?
-Уг өдрийг дэлхий нийтээр “Та халдвартай эсэхээ мэдэх үү” уриан дор тэмдэглэж байгаа. Харин манай улс “Яг одоо шинжилгээнд” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Түүнчлэн “Y-PEER Mongolia” олон улсын залуучуудын сүлжээ байгууллага маань “Аюулгүй байдал ба тэгш эрхийн төлөөх залуучуудын хөдөлгөөн” сэдвийн хүрээнд арванхоёрдугаар сарын 1-10-ны хооронд олон улсын аяныг зохион байгуулна.
-Орон нутагт мөн арга хэмжээ зохион байгуулж байна гэсэн …
-Манай нийгэмлэг орон нутгийн 15 салбар клүбтэй. Түүнчлэн “Y-PEER” залуучуудын сүлжээг 2012-2018 он хүртэл мэргэжил арга зүйн дэмжлэг өгч ажиллаж байгаа бөгөөд “Y-PEER” сүлжээний 26 салбар клүб ч орон нутаг болон Улаанбаатар хотод өртөөчилсөн сургалт, гэрэл зургийн уралдаан, ЕБС-уудын дунд “Дэвжээ” тэмцэээн, телевизийн нэвтрүүлэг гэх мэт олон сонирхолтой арга хэмжээг явуулахаар төлөвлөөд байна.
-Дээрх арга хэмжээнүүдийг нийслэл, орон нутагт зохион байгуулж байхад тань иргэд өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ аймшигт өвчлөлийн талаарх ойлголт, сэрэмж нэмэгдсэн нь анзаарагдаж байна уу?
-Нийт хүн амын дундах мэдлэг, хандлага, ойлголт нэмэгдсэн. Өмнө нь ХДХВ, ДОХ-ын халдварын талаар хүмүүс тэр бүр ойлголтгүй, гей залуучуудын өвчин гэх мэт ташаа ойлголттой байсан. Харин өсвөр үе, залуучууд, нийт ард иргэдийн ойлголт сайжирч байгаа нь статистикуудад харагдаж байгаа. Хэрвээ өсвөр насандаа бэлгийн боловсролыг авч байсан бол эдгээр ташаа ойлголтыг няцааж чадах байсан байх. Иймд бид өсвөр үеийнхэнд чиглэсэн сургалт, зөвлөгөө өгөх, компанит ажил өрнүүлэх ажилд “Y-PEER Mongolia” олон улсын сүлжээтэй хамтран манлайлан оролцож байна.
–Хамгийн сүүлийн байдлаар манай улсад хэдэн халдвар тээгч бүртгэгдээд байна вэ. Мөн нас, хүйсийн хувьд тодорхой мэдээлэл өгнө үү …
-ХӨСҮТ-ийн энэ сарын 25-ны судалгаагаар нийт ХДХВ, ДОХ-ын халдвартай 267 тохиолдол албан ёсоор бүртгэгдсэн байна билээ. Түүнчлэн 42 хүн ДОХ өвчний улмаас нас барсан. Харин хүйсийн хувьд авч үзвэл нийт халдвартай иргэдийн 80 орчим хувь нь эрэгтэй, үлдсэн хувь нь эмэгтэй байна. Иймд бид маргааш буюу арванхоёрдугаар сарын 1-ийг уг өвчнийг урьдчилан сэргийлэхэд, мөн ДОХ-ын улмаас нас барсан хүмүүс, нийт ХДХВ-ын халдвартай амьдарч байгаа хүмүүст итгэл найдвар болж, ялгаварлан гадуурхалтыг зогсоохын тулд энэхүү өдрийг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
-Таны хэлсэн дээрх өвчлөлттэй иргэдийн насыг олон улстай харьцуулахад энгийн үзэгдэл үү. Эсвэл манай улсынх арай залуужилттай байна уу?
-Нийт хүн амын дунд трихомониаз, заг хүйтэн болон тэмбүү зонхилон тохиолдох бэлгийн замаар дамжих халдвар болоод байна. Өнгөрсөн оны байдлаар нийт зонхилон тохиолдох халдвар нь 20-29 насны залуусын дунд өндөр байсан. Нэг ёсондоо нийт БЗДХ-ын 38,7 хувийг 15-24 насны залуус эзлээд байна. Харин ХДХВ, ДОХ-ын халдвар нь 30-34 насны залуучуудад тохиолдож буй. Мэдээж улс орон бүрт харилцан адилгүй. Харин Монгол Улсын хувьд ЕБ-ын програмд бэлгийн боловсролын хичээл эрт ордоггүй нь энэ талын өвчнөөс өөрийгөө урьдчилан сэргийлэх мэдлэг өсвөр үе, залуучуудад маань байдаггүйтэй холбоотой.
-Тодруулахад эдгээр халдвар тээгчээс орон нутагт илүү тархалттай байна уу, нийслэлд үү?
-Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувь нь Улаанбаатар хотод оршин суудаг. Тиймдээ ч зонхилон тохиолдох халдварын 70,3 хувь нь хот суурин газрын хүмүүс байдаг. Энэ нь нэг талаар БЗДХ өндөр байгаа харагдаж байгаа боловч нөгөө талаас илрүүлэлт мөн сайжирч байгааг харуулдаг.
-Өөрсдийгөө өвчлөлтэй гэдгээ мэдэхгүй хүн байгаа байх. Мөн мэдсэн хэрнээ бусдаас санаа зовсондоо нуун дарагдуулдаг нь ч байдаг болов уу. Тэдэнд хандаж та зөвлөгөө өгнө үү …
-Халдвартай 267 хүний цаана 653 хүн халдвартай байж болзошгүй гэсэн тооцоолол гарсан. Иймд эрсдэлтэй алхам хийсэн хүн бүр сайн дурын зөвлөгөө шинжилгээнд хамрагдах нь эрсдэлээс өөрийгөө эрт илрүүлж, урьдчилан сэргийлж чадах юм. Түүнчлэн эрт илрүүлснээр дараа дараачийн хүндрэлээс сэргийлэх бөгөөд энэ өвчнийг эрт үед эмчлэх, өвчний дахилт, хүндрэл, сэдрэхээс сэргийлж чадна.
-Таныг олон газар очиж ХДХВ-ын халдвартай хүмүүстэй уулзаж, судалгаа, зөвлөгөө өгдөг гэсэн. Тэдний сэтгэл зүй, эмчилгээ ямар байдаг вэ?
-Бид ихэнх аймагт үе тэнгийн сургагч бэлтгэж тэднээр дамжуулан мэдлэг мэдээлэл олгох, эрүүл мэндийн байгууллагад холбон зуучлах ажлыг хийж гүйцэтгэж байна. Хүн халдвартайгаа мэдэх үед сэтгэл зүйн хямрал, стресс, дарамтанд орж эхлэдэг. Харин оношлогдсон тохиолдолд өөрийгөө хүлээн зөвшөөрөх, бусдад халдвар тараахаас сэргийлэх бүрэн боломжтой. Иймд аймаг, хот, сум дүүргийн БЗДХ-ын кабинетэд үнэ төлбөргүй шинжилгээнд хамрагдах бүрэн боломжтой. Мөн ХДХВ-ын халдвартай хүн эмчийн хяналтанд эрт орох нь чухал. Ретровирусын эмчилгээнд хамрагдах нь ч маш чухал. Иймээс байнга сэтгэл зүйн хувьд тэднийг дэмжиж байх нь чухал. ХДХВ-ын халдвар нь гар барих, үнсэх, тэврэх, аяга тавгаа хувааж хэрэглэх зэрэг ахуйн замаар халдварладаггүй учраас таны ойр дотны хүн халдвартай тохиолдолд тэдэнд сэтгэл зүйн дэмжлэг өгч байх нь чухал.
-Дээрх өвчин үүсэх гол шалтгаан юу вэ?
ХДХВ-ын халдвар нь бэлгийн хавьтлаар, цус цусан бүтээгдэхүүн болон халдвартай эхээс урагт дамжин халдварладаг. Харин Монголд ХДХВ-ын халдварын дамжсан замын 99,5 хувь нь бэлгийн хавьтлаар дамжсан байдаг. Нэг ёсондоо хамгаалалтгүй бэлгийн хавьтал, олон бэлгийн хавьтагчтай байх, архи тамхи мансууруулах бодис хэрэглэх нь халдварын эрсдэлийг нэмэгдүүлдэг.
–Энэ аймшигт өвчнөөс сэргийлэх гол арга юу вэ?
-Мэдээж өсвөр үе, залуучууд бэлгийн хавьтлыг тэвчих нь хамгийн зөв сонголт. БЗДХ болон хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлтөөс сэргийлэж чадна. Мөн бэлгэвчийг зөв, тогтмол хэрэглэх, архи тамхи мансууруулах бодис хэрэглэхгүй байх нь эрсдэлийг бууруулдаг. Түүчлэн олон бэлгийн хавьтагчтай байх, тохиолдлын бэлгийн харилцаанд орох нь ч бас эрсдэл болдог.
-Зарим хүн гадаадад ажиллаж амьдарч байгаад ирсэн Монголчуудаас болон гадаадын иргэд дээрх өвчинг Монголд тараагаад байна уу гэсэн хандлагатай байдаг …
-Мэдээж хүн хүний хандлага өөр. Гэхдээ энэ нь гадаадад ажиллаад ирсэн хүн болгон гэж ойлгож огт болохгүй шүү. Монголдоо ажиллаж амьдардаг хүмүүс ч халдвар авчихсан л байдаг. Тэгэхээр нийгэмд байгаа энэ ташаа ойлголтуудыг залруулах хэрэгтэй. Мөн хүн хэзээ ч эдгэшгүй өвчинтэй болчихоод бусдад санаатайгаар тараагаад явахгүй шүү дээ. Энэ мэтчилэн ХДХВ-ын халдвартай хүмүүсийн эрхэд халдсан, ялгаварлан гадуурхаж гутаан доромжилсон өнгө аястай ойлголтуудаас салах хэрэгтэй.