Хятадын дарга Ши цинпин БРИКС-ын орнуудын эдийн засаг, технологийн хамтын ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд 500 сая юань буюу ойролцоогоор 76 сая долларын хувь оруулах, мөн 2015 онд байгуулагдсан тус байгууллагын хөгжлийн шинэ банкны төслийг дэмжиж 4 сая доллар өгөхөө амлав. Таван орны саммит даяар асуудлыг хөндөж буй боловч тодорхой хариу өгсөнгүй. Сяминийн саммит дээр хятадууд Египет, Гвиней, Мексик, Тайланд зэрэг хөгжиж буй орнуудын лидерүүдтэй хэлэлцээр хийжээ. Мөн БРИКС-ын орнуудын лидерүүд Сяминийн тунхаг гаргасан ба энд олон улсын ажил хэрэгт НҮБ-ын голлох үүргийг дэмжих, протекционизмын эсрэг ажиллах, терроризмыг яллах, Хойт Солонгост хийсэн цөмийн туршилтыг буруушаах асуудлууд багтжээ.
Саммитын эдийн засгийн үр өгөөж маш их байжээ. “Роснефть”-ийн Ерөнхий захирал И.Сечин, Хятадын эрчим хүчний CEFC China Energy Чан Чауто нар Сибирийн эрчим хүчний нөөцөд хамтарсан хайгуул хийх талаар хамтран ажиллах гэрээ байгуулав. Энэ гэрээнд түүхий нефть болон нефьтийн бүтээгдэхүүнийг дахин боловсруулах, худалдаалах асуудлуудыг тусгасан байна. Мөн Сечин, Чауто хоёр Хятад руу Оросын түүхий нефьтийг шууд нийлүүлэх хэмжээг ихэсгэх гэрээ байгуулжээ. Гэхдээ арилжааны хугацаа болон өртгийн талаар ямар ч мэдээлэл өгсөнгүй. Үүний өмнө Ши цинпинг Москвад айлчлах үеэр буюу 07 дугаар сарын 04-нд “Роснефть” болон CEFC China Energy стратегийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр байгуулсан юм. Үүний дараахан Reuters агентлаг уг хэлэлцээрт ойрхон байсан гурван эх сурвалжийг үндэслэн Хятадын CEFC China Energy Оросын “Роснефть”-ийн хувьцаанаас хувь эзэмшихээр санаархаж байгаа гэж мэдээлсэн билээ. Энэ мэдээллийг албан ёсоор батлаагүй, мөн үгүйсгээгүй болно. Хятадын компьютерийн технологийн тэргүүлэх компани “Dawning Information Industry Co. Ltd.” Орост идэвхитэй ажиллах эрмэлзлээ илэрхийлжээ. Хятадын гадаад арилжааны департаментын орлогч дарга Хань Мэйюнь: Хятадын Dawning Information Industry компани ШУА-ийн дэмжлэгтэйгээр Москвагийн Засгийн Газар, Москвагийн бирж, “Мегафон”, “Финам”, “Сухой” компаниудад үйлчилгээ үзүүлэх болно гэж мэдэгджээ. Энэхүү “Dawning Information Industry” бол Хятадын аварга том радиотелескоп, бүтээмжээрээ дэлхийд хоёрт ордог “Nebulae” хэмээх супер компьютерийг бүтээсэн мундаг компани юм. Хятад зөвхөн Орос төдийгүй дэлхий дахинд хөрөнгө оруулах эрчмээ нэмэгдүүлж байна. Хятадууд Өмнөд Азид гэхэд л Пакистаны Гвадар болон Шри-Ланкийн Хамбантонд хоёр шинэ боомт нээсэн ба тус бүрт нь 1 миллиард долларын хөрөнгө оруулжээ. Одоо Хятадууд Малайзийн арлуудын ойролцоо экологийн цэвэр хот “Форест-сити”-г “тэгээс эхлэн” барихаар шийдсэн ба үүнд 100 миллиард долларын хөрөнгө оруулах аж. Энэ саммит дээр Хятадын Египетэд хэрэгжүүлэх 2 том мега төслийг зарлав. Хятадууд Том Каирын янз бүрийн хэсгүүд, тухайлбал Салам-Сити буюу Шинэ нийслэлийг холбосон цахилгаан галт тэрэгний хурдны шугам барихад хөрөнгө оруулж эхлэв. Удаах нь Египетийн хоёрдахь хиймэл дагуул “Egypt Sat 2”-ыг бүтээх, хөөргөх төсөл бөгөөд үүнд хятадууд 300 сая юань буюу 45 сая долларын хөрөнгө оруулах аж.
Хятадууд Оросын “ойрын хүрээллийн” орнууд, тухайлбал Кавказын чанад дахь орнуудад маш их үүрэг гүйцэтгэх болжээ. Хятад Гүржид маш их хөрөнгө оруулж байна. Хятад Гүржийн виног авдаг хамгийн том улс нь аж. Хятадын компаниуд Тбилиси, Кутаиси, түүнчлэн Азербайжаны Каспийн эрэг хавьд ихэд идэвхжиж буй аж.
“Цэнхэр түлш” Азербайжанаас гарч, Гүрж, Туркийг дамжин гардаг Трансанатолийн хийн шугамд 600 сая доллар оруулахад бэлэн байгаа гэнэ.
Хятадууд Арменид ширэм хайлуулах, Белорусст эрдэс бордоо үйлдвэрлэлд хөрөнгө оруулаад байна. Хятадууд Оросын дэд бүтцэд томоохон төслийг хэрэгжүүлж байгаа ба цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Тухайлбал, Хойт мөсөн далайн зам болон Арктикийн коридор, түүнчлэн оросын томоохон хотуудын хооронд өндөр хурдны төмөр зам барих төслүүд үүнд багтаж байна.