~”Эрдэнэс Таван толгой” нүүрсний үнийн талаар Чалько компанитай тохиролцов~
“Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн төлөөлөл энэ сарын 10-11-ний өдрүүдэд “Чалко Трейдинг Хонконг” компанитай нүүрсний үнэ өсгөх, үнийн индекст өөрчлөлт оруулах асуудлаар ээлжит уулзалт зохион байгууллаа.
Энэ удаагийн уулзалтаар 2017 оноос хойш хөдлөөгүй байсан Цанхийн Зүүн уурхайн нүүрсний үнийг эхний ээлжинд тонныг нь 60 ам.доллар болгож, одоогийн үнээс 70 центээр өсгөх тохиролцоонд хүрч чадсан байна. Цаашид үнийг 61.35 ам.долларт хүргэх саналыг Чалкогийн тал дахин нягталж үзээд ТУЗ-даа танилцуулсны үндсэн дээр энэ долоо хоногт хариу өгөхөөр шийдвэрлэлээ.
“Эрдэнэс Таван толгой” компани Чалко компанитай анх 2011 онд гэрээ байгуулахдаа зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалж улирал тутам үнэ өөрчилж байх механизм буюу үнийн индекс тооцох аргачлалыг тогтоосон байдаг. Энэ арагчлалын дутагдалтай талуудыг засах үүднээс хоёр төрлийн өөрчлөлт оруулахаар тохиролцсон нь томоохон үр дүн гэж үзэж байна.
Ингэснээр зах зээлийн өсөлтийг ашиглаж нүүрсний үнийг өсгөх, цаашид үнийг 1-1.5 жилийн дотор Цанхийн Баруун уурхайн нүүрсний үнэтэй ойртуулах, нүүрсний үнэ унасан тохиолдолд үүсэж болох эрсдлүүдээс хамгаалах, үнэ хэт унахгүй байх зэрэг давуу талуудыг бий болгож чадсан гэж үзэж байна.