Монголбанкны Төлбөр Тооцооны Газрын захирал Э.Анартай ярилцлаа.
Монголбанкнаас саяхан банк хоорондын их дүнтэй гүйлгээний RTGS системийн шинэчлэлийг нэвтрүүлсэн гэсэн. Энэ талаар товч танилцуулбал?
-Төв банк нь төлбөр тооцооны системийн үйл ажиллагаанд голлох үүрэг гүйцэтгэж, үндэсний төлбөр тооцооны системийн бодлогыг тодорхойлж, улсын эдийн засаг болон нийт хэрэглэгчдийн хэрэгцээг бүрэн хангасан, түргэн шуурхай, найдвартай, тасралтгүй ажиллагаатай төлбөр тооцооны системийг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж ирсэн. Монгол улсын төлбөрийн системийг дотор нь “банк хоорондын их дүнтэй гүйлгээний”, “банк хоорондын картын гүйлгээний”, “банк хоорондын бага дүнтэй гүйлгээний” систем гэж 3 дэд системд хуваадаг. Үүний нэг болох банк хоорондын их дүнтэй гүйлгээг бодит цагийн горимоор гүйцэтгэдэг системийг “Банксүлжээ” гэж нэрлэдэг. 2009 онд анх банк хоорондын их дүнтэй гүйлгээний системд бодит цагийн горимоор ажиллах “Банксүлжээ” системийг нэвтрүүлснээр банк хоорондын их дүнтэй гүйлгээг нэг бүрчлэн бодит цагийн горимоор гүйцэтгэх болсон нь төлбөр тооцооны системийн түргэн шуурхай, найдвартай ажиллагааг хангахад маш чухал үүрэгтэй шинэчлэл болсон бөгөөд 2018 онд “Банксүлжээ” системийг II хувилбарт амжилттай шилжүүллээ. “Банксүлжээ” системд одоогийн байдлаар нийт 21 шууд оролцогч 1 сая төгрөгөөс дээш дүнтэй гүйлгээг бодит цагийн горимд дамжуулан үйл ажиллагаа явуулж байна.
–RTGS систем шинэчлэгдсэнээр банк хоорондын гүйлгээнд ямар ахиц, дэвшил авчрах вэ?
-Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа “RTGS системийн II үеийн шинэчлэл” дэд төслийн ажил амжилттай явагдаж дууссан. 2018 оны 1 дүгээр сарын 26-нд II хувилбарт амжилттай шилжээд, систем хэвийн ажиллаж байна. Шинэчлэлийн хүрээнд системийн ажиллах чадамж, бүтцийн хувьд олон давуу талтай болсон. Мөн олон улсад мөрддөг IBAN дансны дугаарлалт болон гүйлгээний мессежийн бүтэц ISO20022 стандартад шилжсэн нь системийн шинэчлэлд онцлох үйл явдал болсон.
–IBAN дансны дугаарлалт гэдгийг тодруулахгүй юу? Өнөөгийн нөхцөлд банкуудаар харилцагчдын дансны дугаарлалт харилцан адилгүй байдаг. Эдгээрийг нэг стандартад оруулж, өөрчилнө гэж ойлгож болох уу?
–Тэгж хэлж болно. IBAN дансны дугаарлалт гэдэг нь International Bank Account Number гэсэн үгийн товчлол буюу олон улсын төлбөр тооцоонд ашиглах боломжтой 20 орон бүхий ISO13616-1, 2 стандартаар үүсгэсэн харилцагчийн дансны дугаарыг хэлнэ. Арилжааны банкуудын харилцагчдын дансны дугаарын орон янз бүр байдаг. Үүнийг олон улсад ашигладаг IBAN дансны дугаарлалтад шилжүүлснээр та өөрийн дансны дугаараар дотоодоосоо болон гадны орнуудаас төлбөрийн гүйлгээ хүлээн авах бүрэн боломжтой болж байгаа юм.
-Банкуудын харилцагч нар өөрийн дансны IBAN дугаарыг хэрхэн авч, ашиглах вэ?
-Монголбанкнаас арилжааны банкуудад өөрийн банкны харилцагчдын дансны дугаарлалтыг IBAN дугаарлалт руу бүрэн шилжүүлэх, харилцагчдад сурталчилж танин мэдүүлэхэд 2 жилийн хугацаа өгч байгаа. Тиймээс арилжааны банкуудын харилцагчид ирэх 2 жилийн дотор IBAN дансны дугаараа хүлээн авах, ашиглах боломжтой болно. Түүнчлэн, Монголбанкны зүгээс иргэдэд шаардлагатай мэдээ, мэдээллийг цаг тухай бүрт нь хүргэж байх болно.
-Тэгэхээр товчхондоо банк хоорондын их дүнтэй гүйлгээний систем бүхэлдээ шинэчлэгдсэн гэж ойлгож болох уу?
-Тиймээ. Систем нь ерөнхийдөө програм хангамж, техник хангамж, системийн мессежийн бүтэц болон төрөл нь илүү сайжирч, нэмэгдсэн байгаа. Нэгдүгээрт, техник, тоног төхөөрөмж талаасаа бол илүү олон нөөц сервертэй болгосноор системийн тасралтгүй ажиллагаа болон найдвартай байдлыг илүү хангасан. Мөн гүйлгээг дамжуулах хурд, өдөрт дамжуулах гүйлгээний тоо, чадамж 3 дахин илүү болсон. Хоёрдугаарт, системийн програм хангамж шинэчлэгдсэнээр банк хоорондын их дүнтэй гүйлгээг зохицуулахад илүү хялбар болж өгсөн. Гуравдугаарт, системийн мессежийн бүтэц ISO20022 стандартад бүрэн шилжсэн.