Бодлогын хүүг буулгах болов уу гэсэн хүлээлт байсан ч Мөнгөний бодлогын зөвлөл хэвээр үлдээх шийдвэр гарсан шалтгааны талаар СЭЗДС-ийн багш, доктор Ж.ДЭЛГЭРСАЙХАН:
-Мөнгөний бодлогын зөвлөлөөс бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргасан нь эдийн засгийн нөхцөл гэхээс илүүтэй улс төрийн орчны тогтворгүй байдал, түүнээс улбаалан бий болсон тодорхойгүй нөхцөлөөс шалтгаалсан байх. Эдийн засгийн өсөлт таамагласнаас өндөр гарсан. Инфляци тав орчим хувьтай байгаа нь бодлогыг сулруулахгүй үргэлжлүүлэх шалтгаан болсон болов уу. Өнөөгийн энэ эргэлзээтэй нөхцөл байдалд бодлогын хүүг хэвээр хадгалсан нь зөв алхам. Оны төгсгөлд нөхцөл байдал яаж өрнөхөөс шалтгаалж бууруулах боломжтой. Аль ч улсын хувьд ялангуяа Монголын тухайд бодлогын хүүг бууруулах зорилгыг тасралтгүй хэрэгжүүлэх чиглэлд ажиллах ёстой. Ингэхийн тулд хүү гэж юу болох, юунаас хамаарч болох тал дээр нэгдсэн зөв ойлголтод хүрч, ажиллах шаардлага бий. Бодлогын хүү хэд байх нь зөвхөн Монголбанкны удирдлага, Мөнгөний бодлогын зөвлөлөөс хамаарахгүй л дээ. Сүүлийн үед хүү өндөр байгаад зөвхөн банкны салбарынхан буруутай мэт харж, энэ буруу ойлголтыг нь тодорхой талуудын зүгээс үндэслэлгүй дэмжиж байгааг би хувьдаа буруу гэж боддог. Мөнгөний бодлогын хүү, хадгаламж зээлийн хүү өндөр байгаа шалтгаан нь тодорхой шүү дээ. Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл муу байгаатай шууд холбоотой. Хүүг бууруулахын тулд улс төр, эдийн засгийн орчныг тогтворжуулах хэрэгтэй. Цаашлаад яривал эдийн засгийн өсөлтийг хангах, бизнес эрхлэх орчныг сайжруулах, иргэдийн амьжиргааг нэмэгдүүлэх арга хэмжээ авах зэрэг суурь нөхцөлийг хангах ёстой. Ингэсэн тохиолдолд хүү буурах боломжтой.
-Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнгөрсөн оны 8-р сарын 18- ны өдөр бодлогын хүүг 4.5 хувиар нэмэгдүүлж, 15 хувьд хүргэсэн нь бодлогын хүүгийн томоохон өөрчлөлт байсан. Өмнө нь 2008 оны эдийн засгийн хямралын үед 9.75 хувиас 4.25 хувиар өсгөж, 14 хувьд хүргэсэн байдаг юм. Гэхдээ энэ удаагийнх шиг урт хугацаанд өндөр түвшинд хадгалаагүй л дээ. Бодлогын хүүг өсгөх тэр тусмаа огцом өсгөх нь эдийн засгийн талаас харвал хүсэхээр шийдвэр биш. Гэхдээ 2016 оны өөрчлөлтийн хувьд эдийн засгийн нөхцөл байдал хэт дордсон, валютын зах зээлийн эрсдэл өндөр, төсвийн алдагдал их байсан. Энэ мэт гадаад дотоод нөхцөл байдлаас шалтгаалах эрсдэлээс хамгаалах гэж л бодлогын хүүг огцом өсгөсөн гэж би харж байгаа.
–Хүүгийн огцом өөрчлөлт тодорхой хэмжээнд үр дүнгээ өгсөн. Валютын ханшийн хэт өөрчлөлт, санхүүгийн зах зээлд үүсч болзошгүй дарамтаас сэргийлэх үүргээ гүйцэтгэж чадсан.
Гэхдээ валютын ханшид огцом савлагаа үүссэн тохиолдол гарсан. Наад зах нь л банкуудад зээлийн хүүгээ бууруулах завдал гараагүй, эдийн засагт тэлэх боломж өгөөгүй гэх мэт шүүмжлэл сонсогддог…?
-Энэ өөрчлөлтийг хийснээр мөнгөний агрегатуудын хувьд бага зэрэг өөрчлөлт гарснаас биш нийт мөнгөний нийлүүлэлт болон хадгаламж зээлийн хүүд нөлөөлөх сөрөг дарамт ихээр гараагүй. Нөгөө талдаа эдийн засагт мөнгө улам дутагдах, зах зээлийн хүлээлт сөргөөр өөрчлөгдсөн зэрэг сөрөг тал байсныг үгүйсгэхгүй.