Нүүр хуудас Эдийн засаг “Төрийн мөнгөний бодлогын 2018 оны үндсэн чиглэл” хэлэлцүүлэг боллоо.

“Төрийн мөнгөний бодлогын 2018 оны үндсэн чиглэл” хэлэлцүүлэг боллоо.

383
0

Монголбанк “Төрийн мөнгөний бодлогын 2018 оны үндсэн чиглэл” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг 2017.09.25-ны өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн эхэнд Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Монголбанкнаас 2016-2017 онд шинээр дэвшүүлэн хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгч, Мөнгөний бодлогын 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн агуулга, ач холбогдлыг тайлбарлан танилцууллаа. Хэлэлцүүлгийн үндсэн хэсэгт Мөнгөний бодлогын газрын Мөнгөний бодлого, төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувд “Макро эдийн засгийн төлөв”, Судалгаа статистикийн газрын захирал Д.Ган-Очир “Эдийн засгийн эмзэг байдал, цаашид анхаарах асуудлууд”, Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа “Мөнгөний бодлогын 2018 оны үндсэн чиглэлийн төсөл” сэдвээр тус тус илтгэл тавив.

Нээлттэй хэлэлцүүлэгт эрдэмтэн судлаачид, их сургуулийн багш нар, олон улсын байгууллагын шинжээчид, санхүүгийн зах зээлийн мэргэжилтнүүд болон оюутнууд хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцсон бөгөөд мөнгөний бодлогын баримт бичигт  тусгах санал хүсэлтээ илэрхийллээ.

Тус баримт бичгийг УИХ-д өргөн барихын өмнө ийнхүү мэргэжилтнүүдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, санал бодлыг нь сонссоноор мөнгөний бодлогын үр дүнтэй байдлыг нэмэгдүүлэхэд судлаачид хувь нэмрээ оруулах, цаашлаад баримт бичгийг олон нийтэд танилцуулахад ач холбогдолтой юм.

Төв банкны тухай хуулийн дагуу Монголбанк жил бүр төрийн мөнгөний бодлогыг боловсруулж, 10 дугаар сарын 1-ний дотор Улсын Их Хуралд өргөн барьдаг ба 2018 онд мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн баримт бичгийг боловсруулж дуусаад байна. Тус баримт бичигт Монголбанк төв банкны нээлттэй, ил тод байдлыг дээшлүүлж, бодлогын хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх зорилгыг тусгасан нь өмнөх онуудад хэрэгжүүлж байсан мөнгөний бодлогын баримт бичгүүдээс онцлог юм. Мөн Ирээдүйд чиглэсэн мөнгөний бодлогыг бэхжүүлэх, бодлогын үр нөлөөг дээшлүүлэх үүднээс бодлогын нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлж, олон нийттэй харилцах сувгийг хөгжүүлэх нь 2018 онд хэрэгжүүлэх мөнгөний бодлогын баримт бичигт шинээр орж буй нэг гол заалт болж байна.

Хэлэлцүүлгийн үед тавигдсан илтгэлүүд:

Монголбанкны МБГ-ын, МБХ-ийн захирал Н.Ургамалсувд: Макро эдийн засгийн төлөв.

Монголбанкны ССГ-ын захирал Д.Ган-Очир: Эдийн засгийн эмзэг байдал, цаашид анхаарах асуудлууд.

Монголбанкны МБГ-ын захирал Б.Баярдаваа: Төрөөс мөнгөний бодлогын талаарх 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here