Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Erdene Resource Development” компани 100 хувь эзэмшдэг Баян хөндий ордын талбайдаа хоёрдугаар улиралд хийсэн өрөмдлөгийн үр дүнг танилцуулжээ. Уг ордын зарим газарт тонн хөрс тутамд хамгийн ихдээ 11.2-30.3 грамм алтны эрдэсжилт бий гэж үзсэн байна. Энэхүү үр дүн нь хоёрдугаар улирлын гурав дахь багц өрөмдлөгийн (1403 метрийн гүнд есөн цэгт хийсэн) ажлын дүн аж. Тэгвэл Еrdene Resource Development” компани 100 хувь эзэмшдэг “Баян хөндий” ордын талбайдаа өрөмдлөг хийх явцдаа энэхүү ордын “Midfield” бүсийн хойд хэсэгт алтны шинэ эрдэсжилтийн бүсийг илрүүлжээ. Энэ шинэ бүс “Midfield”-ээс хойш 60м зайд оршиж байгаа бөгөөд 20 метрт тонн хөрс тутамд 7.2 гр алтны илэрц гарч, 144 м гүн дэх харагдахуйц алтны зураг байгааг тогтоожээ. Компанийн хэлж буйгаар шинэ илэрсэн харагдахуйц алтны зураг нь өмнө илэрснээс хамгийн өндөр эрдэсжилттэй гэж дүгнэгдсэн байна.
“Erdene Resource Development” компани Баян хөндий талбайн “Midfield”, “Striker” гэх хоёр бүсэд голчлон өрөмдлөг хийхээр байгаа бөгөөд 2017 онд “Баян хөндий” алтны төсөлд нийт 20 мянган метр, ойролцоох “Алтан нар”, “Алтан нум” алтны төслүүдэд 4000 метрийн өрөмдлөг хийхээр төлөвлөөд байгаа аж.
“Erdene Resource Development”-ийн гүйцэтгэх захирал Петер Акерли “Ордын гол хэсэг дэх алтны эрдэсжилтийн өмнөх үзүүлэлтийг өрөмдлөгийн ажлын дүнд бататгалаа” хэмээн ярьжээ. Тус компанийнхан нийт 30 цэгт өрөмдлөг хийхээр төлөвлөж буй юм байна. Дээрхээс гадна Алтан нар, Хөвийн хар, Зуун мод орд эзэмшдэг тус компанийн Торонтогийн хөрөнгийн бирж дэх хувьцааны ханш оны эхэнд 0.145 канад доллар байсан бол өнгөрсөн тавдугаар сард 0.53-т хүрч дээшилсэн юм. Өчигдрийн байдлаар дээрх тоо 0.34 байв.
Мөн Монголын баруун өмнөд хэсэгт хайгуулын хоёр лиценз, нэг ашиглалтын лиценз эзэмшдэг байна. Сүүлийн 12 сарын хугацаанд Тронтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Erdene Resource Development” компанийн хувьцааны үнэ 245 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээр татаж байна.