Нүүр хуудас Эдийн засаг 2018-2022 онд хэрэгжих “Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөр”баталлаа.

2018-2022 онд хэрэгжих “Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөр”баталлаа.

206
0

Засгийн газрын хуралдаанаар Эрчим хүч хэмнэх Үндэсний хөтөлбөрийг баталлаа. Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал–2030, Ногоон хөгжлийн бодлого, Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого, Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, Уур амьсгалын өөрчлөлтийн Үндэсний хөтөлбөр зэрэг бодлого, хууль тогтоомжид инноваци, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх замаар эрчим хүчний үр ашиг, хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэхээр заасныг үндэслэл болгож Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөрийн төслийг Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо болон холбогдох яамдын төлөөллийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг боловсруулж, Засгийн газарт өргөн барьсан юм. Энэ  хөтөлбөр нь эрчим хүч хэмнэх үйл ажиллагааг идэвхжүүлэх, дэмжих, хурдасгахад чиглэсэн зорилго, 18 зорилт бүхий 53 үйл ажиллагааг эрчим хүч, барилга, аж үйлдвэр, тээвэр, нийтийн салбарт хийхээр тусгажээ. 2018-2022 оны хооронд хэрэгжих энэ хөтөлбөрт эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд сөрөг нөлөө багатай дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, түүнийг дагасан норм стандартыг нутагшуулах, хүний нөөцийг бэлтгэх, мэргэшүүлэх, эрчим хүчний үр ашигтай хэрэглээг төлөвшүүлсэн олон нийтийн боловсрол, мэдлэгийг тэлэх үйл ажиллагааг түлхүү хэрэгжүүлж эрчим хүчийг хэмнэх, үр ашигтай хэрэглэх, улмаар олон улсын өмнө хүлээсэн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үүргийг биелүүлэхэд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр тусгажээ.

Хөтөлбөр хэрэгжсэнээр 610 орчим сая кВт.ц цахилгаан эрчим хүч хэмнэх, ойролцоогоор 600 гаруй мянган тонн СО2 хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, хэрэглэгч талдаа 80 орчим тэрбум төгрөгийн эрчим хүчний зардлын бууралтыг тус тус бий болгох боломж бүрдэнэ гэдэг урьдчилсан тооцоо гаргажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here