~2019 оны төсвийн төслийг татлаа~
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн /2018.06.26/ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторын 2019 оны төсвийн төслийг хэлэлцэж, энэ талаар Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар танилцууллаа.
Монгол Улсын Ерөнхий аудиторын төсвийн 2019 оны төсвийн төслийг нийт дүнгээр 29,315.0 сая төгрөг, үүнээс урсгал төсвийн төслийг 76.0 хувь буюу 22,084.7 сая төгрөг, хөрөнгө оруулалтын төсвийн төслийг 24.0 хувь буюу 7,230.3 сая төгрөг байхаар тооцов.
Энэ 2018 оны төлөвлөгөөнөөс 17,784.4 сая төгрөгөөр нэмэгдэхээр тооцжээ. Урсгал зардлын 45.1 хувийг цалин хөлс болон нэмэгдэл урамшууллын зардал, 54.9 хувийг бусад зардал эзэлж байгаа аж.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, О.Батнасан, Ш.Раднаасэд нар Үндэсний аудитын газар төсвийн зардлаа 75 хувь нэмсэнийг багасгах, зардал үүсгэх аргачлал буруу, тэвчиж болох зардлыг хасч оруулж ирэх шаардлагатай хэмээн байр сууриа илэрхийлэв.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, 2019 оны төсөв нь 2018 оныхоос 17,784.4 сая төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасныг шүүмжлээд төсвийн төслийг зүйл, заалтаар нэмсэн шалтгааныг тодруулав.
Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар цалин, хөлс болон нэмэгдэл урамшууллын зардлыг 8,894.6 сая төгрөгөөр төлөвлөж, урьд оноос 2,550.1 сая төгрөгөөр нэмэгдсэн нь УИХ-ын 2018 оны 21 дүгээр тогтоолоор ТАБ-ын албан хаагчдын онцгой нөхцлийн нэмэгдлийг 30 хүртэл хувиар, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 25 хүртэл хувиар, мэргэжлийн зэргийн нэмэгдлийг 35 хүртэл хувиар олгохоор батлагдсан болон Төрийн албаны тухай хууль болон Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсаны дагуу төрийн албан хаагчдад хагас, бүтэн жилээр үр дүнгийн урамшуулал олгохоор төлөвлөсөн нь нөлөөлсөн гэж байлаа.
Мөн тэрбээр, байр ашиглалттай холбоотой тогтмол зардалд 490.1 сая төгрөгийг тусгаж, урьд оноос нэмэгдсэн нь орон нутаг дахь төрийн аудитын газруудад байр, ашиглалтын болон түрээсийн зардлыг төлөвлөсөнтэй холбоотой нэмэгдсэн гэж тайлбарлав.
Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн Монгол Улсын Ерөнхий аудиторын 2019 оны төсвийн төслийг татаж авахыг сануулж, гишүүдийн хэлсэн саналыг тусгаж, дахин оруулж ирэхийг үүрэг болгов.