Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ахмадууд ард иргэдийг нийтийн биеийн тамирт уриалж өглөөний дасгалыг 7 сарын турш тасралтгүй хийсэн байна.
“Бид хамтдаа” аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдийн эрүүл мэндэд онцгой анхаарсан үйл ажиллагааг зохион байгуулахаар тусгасны нэг нь энэхүү ахмадын өглөөний дасгал юм. Холбогдох байгууллагуудын хамтран хэрэгжүүлсэн ахмадын өглөөний дасгалд 100 гаруй ахмад настан тогтмол оролцжээ.
Даланзадгад сумын 8 багийн ахмадууд Лхагва гариг бүрийн өглөөний 8-9 цагийн хооронд дасгал хөдөлгөөн, аэробикийн дасгалуудыг хийдэг.
Зөвхөн аймгийн төвийн ахмадууд уг дасгал хөдөлгөөнд хамрагдаад зогсохгүй цаашид 14 суманд хэрэгжүүлэхээр энэ 7 сарын турш сургагч багшийг бэлтгэсэн байна. Тэд сумандаа очиж ахмадын өглөөний дасгал хөдөлгөөнийг хөгжүүлэх юм.