Төв аймгийн хэмжээнд ураг нярайн скрининг шинжилгээг 1000 нярайд хийхээр болжээ. Уг шинжилгээ нь “Ураг нярайн скрининг шинжилгээг үндэсний хэмжээнд хөгжүүлэх нь” төслийн хүрээнд Нийслэл Ротари клубийн дэмжлэгтэйгээр хийгдэж байгаа юм.
2016-2017 онд Олон улсын Ротари сан, Нийслэл Ротари клуб ба Солонгос Улсын Ёонин ротари клубын дэмжлэгтэйгээр нийслэлийн амаржих газруудад төрсөн 6000 нярайг 1 жилийн хугацаанд 2 төрлийн төрөлхийн эмгэг илрүүлэх шинжилгээнд хамруулж, 5 хүүхдийг өвчтэй болохыг эрт илрүүлж, эмчилгээ, хяналтад авснаар одоо эдгээр хүүхдүүд эрүүл саруул бойжиж байна.
Дээрх төсөл амжилттай хэрэгжиж, эерэг үр дүн гарсан тул Ротари сангаас дахин дэмжихээр болж 2018-2019 онд хэрэгжүүлэх энэ удаагийн төсөлд Улаанбаатар, Дархан, Төв, Говь-Алтай аймгуудад төрсөн 8000 нярайг скрининг оношилгоонд хамруулахаар боллоо.
Үүнээс Төв аймгийн ураг нярайн скрининг шинжилгээг 1000 нярайд хийхээр болжээ. Энэхүү төслийнхөө нээлтийг Төв аймгийн ЭМГ, НЭ-тэй хамтран зохион байгуулж, нээлтэд Нийслэл Ротари Клубын гишүүд, АШУҮИС-ийн эрдэмтэн багш нар, Аймгийн ЭМГ-ын удирдлагууд, их эмч, эх баригч, сувилагч нар оролцлоо.
Нярайн скрининг шинжилгээ нь шинээр төрсөн нярай бүрт амьдралын эхний өдрүүдэд хийгдэж дотоод шүүрэл, бодисын солилцоо, удамшлын эмгэгүүд байгаа эсэхийг энгийн, хурдан, аюулгүй арга,
баталгаатай технологийг ашиглан тандаж эрт илрүүлэх зорилгоор хийдэг шинжилгээ буюу ганцхан дусал цусны тусламжтайгаар насанд туршид эрэмдэг болохоос урьдчилан сэргийлдэг гайхамшигтай арга тул тухайн орны иргэдийн эрүүл мэнд, эдийн засагт асар их ач холбогдолтой байдаг юм.