Нүүр хуудас Эрүүл мэнд Төрөх эмнэлгийн ажилчдын ёс зүй хаана байна!

Төрөх эмнэлгийн ажилчдын ёс зүй хаана байна!

152
0
toroh-emnelgiin-ajilchid
Төрөх эмнэлгийн ажилчдын ёс зүй хаана байна...

Арванхоёрдугаар сарын 2-ны үдэш 26 настай нэгэн эмэгтэй -30 градусын хүйтэнд гадаа хүүхдээ төрүүлж, төрөх эмнэлгийн ажилчдын ёс зүй ямар хэмжээнд байгааг харууллаа.

Тухайн эмэгтэй 23.00 цагийн үед ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эмнэлэг рүү “Би төрөх гээд байна” хэмээн ороод ирэхэд нь бүртгэл хөтөлдөг гурван сувилагч “Манайх төрчихсөн хүүхдийн эмнэлэг болохоос төрүүлдэг нь биш.

Нөгөө талын хаалгаар ороод үзүүл” гэж хэлээд гаргасан байгаа юм. Төд удалгүй нөгөө эмэгтэй “Гадаа гудамжинд төрчихлөө” гэсээр хүүхдээ элгэндээ тэвэрсээр уйлаад ороод ирсэн талаар хамгийн анх нэгэн бүсгүй фэйсбүүкийн нүүр хуудсаараа дамжуулан нийтэд түгээсэн нь олныг цочирдуулсан.

ЭХЭМҮТ-ийн гадаа төрсөн ээжийн асуудлаар тус эмнэлгийн Ерөнхий захирал Ш.Энхтөр, Хүүхдийн эмнэлгийн захирал Ц.Алтантуяа, Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн захирал Баттулга. ЭМЯ газрын дарга Б.Цогтбаатар нар мэдээлэл хийлээ.

Тус эмнэлгийн Ерөнхий захирал Ш.Энхтөр,

Таагүй үйл явдалд эмч хүний хувьд харамсаж байна. Эрүүл мэндийн байгууллагад дотоодын хяналтын механизмууд ажиллаж байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, тасралтгүй байдалд хяналт тавих, эмнэлгийн ажилтнуудын харилцаа хандлагад хяналт тавьдаг механизм байдаг.

Энэ дагуу эмнэлгийн бүрэлдэхүүн, ЭМЯ-ны газрын дарга нар, яамны Ёсзүйн хяналтын хорооны хамтарсан хуралдаан хийсэн. Тухайн үед ажиллаж байсан эмч, мэргэжилтнүүдтэй уулзалт хийсэн.

Тухайн эх өөрийнхөө талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүсэхгүй байгаа. 26 настай, хоёр дахь төрөлт. 12 сарын 2-ны орой такси хөлслөн манай эмнэлгийн Хүүхдийн яаралтай тусдамжийн тасагт жолоочтойгоо орж, Төрөх тасаг асуугаад байрлал заалгаад гарсан.

Төрөх тасаг руу явах замдаа төрсөн гэж үзэж байна. Хүүхэд нэгэнт төрсөн учир буцаж ирэхэд эмнэлгийнхэн яаралтай тусламж үзүүлсэн. Одоо манай эмнэлэгт эх, хүүхэд эмнэлэгт хэвтэж байна. Хүүхэд хөхөө амласан, хүүхдэд амьсгал орлох нэмэлт төхөөрөмж хэрэглээгүй хэвийн байна.

Нийгмийн сүлжээгээр мэдээлэл гарсан шиг эмнэлгийн ажилтнууд эхийг хөөсөн, ус гарсан эхийг явуулсан асуудал байхгүй. Шалгах нягтлах ажиллагаа явагдаж байна.

Нягтлан шалгасны дүнд эмнэлгийн ажилтан ажил үүргийн хариуцлага алдсаныг тогтоогдвол хариуцлага тооцно.

Эрүүл мэндийн учруулсан хохирлын цар хүрээнээс хамаарч хариуцлага сануулах, цалингийн хувь хэмжээгээр торгох, ажлаас чөлөөлөх, цаашилбал эмчлэх эрхийг хязгаарлах зэрэг хариуцлага хэлбэр бий.

Ийм явдал болсонд би эмнэлгийн захирлын хувьд ард иргэдээсээ уучлалт хүсэж байна. Надад өөрийгөө зөвтгөх шалтгаан байхгүй. Хувь хүн, эмч зүнийхээ хувьд дүгнэлт хийж, ёсзүйн хариуцлага хүлээнэ, ажлаа хүлээлгэж өгнө” гэв.

Хэрэв энэ үйл явдал олны анхааралд хүрээгүй бол гадаа хүүхдээ төрүүлсэн эмэгтэйн асуудлыг ЭМЯ, ЭХЭМҮТ-ийнхэн нуугаад л өнгөрөөх байсан. Магадгүй тэр эмэгтэйг жирэмсэн байх хугацаандаа эмчийн хяналтад ороогүй, Улаанбаатар хотод оршин суух хаяггүй байж дур мэдэн манай эмнэлэг рүү ирлээ хэмээн нүд үзүүрлэх байсан биз.

Тухайн үйл явдлыг дэргэдээс нь харсан нэгэн эмэгтэй хэлэхдээ,

Тэр эмэгтэй би төрөх гээд байна надад туслаач ээ” гээд орж ирсэн. Тэнд хүүхдээ үзүүлэхээр хүлээж байсан 30-40 хүмүүс харсан. Төд удалгүй тэр эмэгтэй энгэртээ хүүхдээ тэвэрчихсэн орж ирсэн. Үнэхээр нүд халтирмаар, хүүхдийнх нь хүй ч тасраагүй байсан. Гэтэл эмнэлгийн ажилчид үнэхээр муухай, тэр эмэгтэй -30 градусын хүйтэнд гадаа хүүхдээ төрүүлчхээд ороод ирж байхад эмч нар урдаас нь тосоод ч авахгүй. Хүүхдээ тэврээд эмчийн өрөө рүү орсон. Үнэхээр муухай эмч хүмүүс ийм байж болохгүй биз дээ” хэмээн хэллээ.

Эмнэлгийн тусламж авч чадалгүй гадаа төрсөн эх хөдөө орон нутагт өссөн бөгөөд бүтэн өнчин аж. Тэрбээр тэжээгчээ алдсаны тэтгэмжээ авахын тулд 19 нас хүртлээ орон нутгаасаа харьяаллаа шилжүүлэлгүй явсаар өдийг хүрчээ. Тиймээс улсын эмнэлгийн хяналтад орж чадалгүй, жирэмсэн байх хугацаандаа хоёр удаа хувийн эмнэлэгт үзүүлэн ЭХО-д харуулсан байна.

Тухайн эмэгтэйн өвдөлт 15:00 цагийн үед эхэлсэн бөгөөд орон нутгийн иргэд ЭХЭМҮТ-д очдог гэж сонсоод ирсэн нь тэр аж. Энэ бүхнээс юу харагдаж байна вэ гэвэл монголын эрүүл мэндийн салбар дэндүү хүнд сурталтай.

Гуравхан сая хүн амтай байж тулгар биетэй эхчүүдийгээ оршин суух хаяггүй гэсэн үндэслэлээр улсын эмнэлгийн хяналтад авдаггүй, төрөх гээд очиход нь хүлээж авдаггүй, нүд үзүүрлэдэг нь байж боломгүй зүйл!!!

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here