~Умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийг сайжруулна~
“Монгол Улсад умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах” чиглэлээр хамтрагч талуудын зөвлөлдөх уулзалт өнөөдөр боллоо.
Уулзалтад Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон ЭМЯ-ны удирдлагууд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагын төлөөлөгчид, 2 талт хамтын ажиллагааны орнуудын Элчин сайд нарын төлөөлөл оролцлоо.
Хорт хавдрын статистик мэдээнээс харахад, 2012онд Монгол Улсад хорт хавдрын 4466 шинэ тохиолдол, 3264 нас баралт бүртгэгдэж байсан бол 2017 онд 6073 шинэ тохиолдол, 4004 нас баралт бүртгэгдсэн байна. Үүнээс эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолдох хорт хавдрын дунд умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл хоёрдугаар байранд орж байна.
Умайн хүзүүний хавдар нь хорт хавдрын өвчлөлийн 9 хувийг эзэлдэг бөгөөд жилд ойролцоогоор 400 орчим хүн умайн хүзүүний хавдараар оношлогдож, 160 эмэгтэй уг хавдрын улмаас нас барж байна.
Эрүүл мэндийн яам Умайн хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах зорилгоор эрт илрүүлж эмчлэх тогтолцоог бэхжүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бүх шатлалд хавдрын тусламж үйлчилгээний чадавхийг сайжруулах, хөнгөвчлөх тусламж үйлчилгээг хөгжүүлж, хорт хавдартай хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулах, хорт хавдрын тархвар зүйн судалгааг хөгжүүлэх, тандалт бүртгэлийн тогтолцоог сайжруулах зорилтыг тавиад хэрэгжүүлэн ажиллаж байгаа боловч дор дурдсан асуудлыг зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай байна. Үүнд:
1.Умайн хүзүүний хорт хавдрын 50 хувь нь хожуу үедээ оношлогдож байгаа нь хүн амын эрүүл мэндийн боловсрол, хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд хамрагдах талаарх мэдлэг дутмаг байгаатай холбоотой байна.
2.Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд хорт хавдрын тусламж үйлчилгээ, хүний нөөц, лабораторийн хүчин чадал хангалтгүй байна.
Монгол Улсад тохиолдож байгаа хорт хавдруудаас хамгийн боломжийн эрт оношлогдож байгаа нь умайн хүзүүний хорт хавдар. Нийт оношлогдож байгаа байгаа хүмүүсийн 50 орчим хувь нь эрт үедээ оношлогддог. Харин бусад хорт хавдрын 80-аас илүү хувь нь хожуу оношлогддог байна. Хэдий тийм боловч шалтгаан нь тодорхой байдаг умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийг 70 хувьд хүргэхээр салбар яамнаас зорьж байна.