Хүүхдүүд замын цагдаа нарт “АМНЫ ХААЛТ” бэлэглэлээ
Эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах үүргээ биелүүлж халуун, хүйтэнд хальширч үзээгүй замын цагдаа нарт хүүхдүүд тусламж үзүүлж эхэллээ.
Нийслэлийн 44 дүгээр сургуулийн 5д ангийн сурагчид жил бүр сайн үйлсийн аян зохион явуулдаг бөгөөд энэ удаагийн сайн үйлсийн аянаараа агаарын бохирдолд хамгийн их нэрвэгддэг Замын цагдаагийн албаны алба хаагч нарт ПМ 2,5 стандарт шаардлагын дагуу хийгдсэн 100 ширхэг амны хаалт бэлэглэлээ.
Тус сургуулийн 5Д ангийн сурагч Г.Сувд-Эрдэнэ “Намайг зурагт үзэж байхад замын цагдаа нар 4-н замын уулзвар дээр өглөөнөөс орой хүртэл утаанаас өөрийгөө хамгаалах ямар ч боломжгүй тогтмол ажиллаад байж байдаг. Тийм болохоор замын цагдаа ах нарыгаа нэг өдөр ч болтугай утаагаар биш эрүүл агаараар амьсгалаасай гэж бодож энэ сайн үйлсийн аянаа зохион явуулсан” гэж хэлсэн бөгөөд хүүхдүүд ээж, ааваасаа өгсөн цайны мөнгийг 2 сарын турш цуглуулж байгаад нийт 100 ширхэг амны хаалт /маск/ авсан талаараа ярилаа.
Мөн тус албанаас сайн үйлсийн аян зохион явуулсан тус сургуулийн 5Д ангийн сурагчдад замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Шүгэлхүү-2” комик ном болон цацруулагчтай ханцуйвч бэлэглэж талархалаа илэрхийллээ.