Нүүр хуудас Эрүүл мэнд Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байна

Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байна

579
0
chihriin-shijin
Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байна

Чихрийн шижин өвчнөөс сэргийлье

Чихрийн шижин гэдэг нь нойр булчирхай хангалттай инсулин боловсруулж чадахгүй, эсвэл боловсорсон инсулин бие махбодид нөлөөлж чадахгүй болсон үед үүсдэг архаг явцтай өвчин юм.

Бидний хэрэглэж буй хоол хүнсний дийлэнхи нь бие махбодид сахарын нэгэн төрөл болох глюкоз болон хувирдаг. Глюкоз нь цусанд шимэгдэн инсулин хэмээх нойр булчирхайгаас ялгарах дааврын тусламжтайгаар эд эсэд шингэж, амьдралын чухал үйл ажиллагаанд оролцдог аж.

Харин чихрийн шижин өвчний үед нойр булчирхай хангалттай хэмжээний инсулин боловсруулж чадахгүй эсвэл боловсруулсан ч бие махбодь өөрөө түүнийг бүрэн гүйцэд ашиглаж чадахгүй болсон байдаг.

Иймээс, хоол хүнсээр дамжин орж ирэх глюкоз эд эсэд бүрэн шимэгдэхгүй цусандаа хуримтлагдсаар цусан дахь сахарын хэмжээг ихэсгэхэд хүргэдэг байна. Энэ байдал удаан үргэлжилвэл эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.

Чихрийн шижин өвчний эмгэг жам, инсулины ялгаралтын байдлаас хамааран шалтгаанаар нь:

А. Чихрийн шижин хэв шинж-1
Б. Чихрийн шижин хэв шинж-2
В. Шинж тэмдгийн чихрийн шижин
Г. Жирэмсний чихрийн шижин
ЗЭРГЭЭР НЬ:
• Хөнгөн
• Дунд
• Хүнд

ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧНИЙ ЭРСДЭЛТ ХҮЧИН ЗҮЙЛС:

1. Нас. Голдуу 35-аас дээш насанд тохиолдох магадлалтай гэж үздэг боловч сүүлийн үед бага насны хүүхэд өвчлөх нь элбэг болж байна.
2. Удамшил. Гэр бүл, хамаатан садан дотор чихрийн шижин өвчтэй хүн байдаг бол уг өвчин үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг.
3. Хооллолт. Малын гаралтай өөх тос, нүүрс усаар баялаг, илчлэг ихтэй хоол хүнс хэт хэрэглэх нь илүүдэл жин үүсгэдэг.
4. Илүүдэл жин, таргалалт. Илүүдэл жин, таргалалт нь инсулины үйлчлэлийг саатуулдаг.
ТОМЬЁО: Биеийн жингийн индекс/БЖИ/ = Жин,/кг/ : (өндөр х өндөр,м)
А. 18.5-24.9 – хэвийн
Б. 25-29.9 – илүүдэл жинтэй
В. 30–аас дээш – таргалалт
5. Хөдөлгөөний хомсдол. Бодисын солилцоог удаашруулан илүүдэл жинг үүсгэдэг.
6. Цусны даралт ихсэх өвчин
7. Тамхи таталт, архи хэтрүүлэн хэрэглэх.
8. Цусанд их нягтралт липопротеид (ИНЛП), холестерин, триглицеридын хэмжээ их байх нь судасыг хатууруулах гол хүчин зүйл болдог.
9. Сэтгэл зүйн таагүй байдал, бухимдал
10. Жирэмсэн үедээ цусны сахар ихдэж байсан, эсвэл 4 кг-аас дээш жинтэй хүүхэд төрүүлж байсан бол чихрийн шижин өвчнөөр өвчлөх магадлал нэмэгддэг.

~Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байна~

ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧНИЙ ҮЕД ИЛРЭХ ШИНЖ ТЭМДГҮҮД:

• Ам цангах, хатах
• Олон дахин шээх
• Ядарч сульдах, турах
• Шарх удаан эдгэрэх, өвчлөмтгий болох
• Хараа муудах
• Нойронд муу болох
• Арьс хуурайшин, загатнах
• Цусны даралт ихдэх зэрэг шинжүүд илэрвэл чихрийн шижин өвчин байж болзошгүй тул эмчид яаралтай хандаарай!

ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧНИЙ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ:

1. Зөв хооллох
2. Идэвхтэй биеийн тамир, дасгал хөдөлгөөн хийх
3. Илүүдэл жингүй байх, илүүдэл жинтэй бол түүнийгээ хасах
4. Тамхинаас гарах
5. Архи тохируулан хэрэглэх
6. Сэтгэл зүйн таагүй байдал, бухимдлыг зохицуулах
7. Цусны даралтыг хянах
8. Цусанд ИНЛП, холестерин, триглицеридын хэмжээг хэвийн байлгах
9. Жил бүр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах (ялангуяа эрсдэлтэй хүмүүс)

ХЭРЭВ ТА:

– Илүүдэл жинтэй
– Гэр бүлийн аль нэг гишүүн чихрийн шижин өвчтэй
– Цусны даралт ихэсдэг
– Цусанд холестерин, триглицеридын хэмжээ их гарсан
– Жирэмсэн үедээ цусны сахар ихдэж байсан эсвэл 4 кг-аас дээш жинтэй хүүхэд төрүүлж байсан зэрэг эрсдэлт хүчин зүйл байвал эмчид хандан чихрийн шижин өвчин байгаа эсэхийг шалгуулаарай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here