Шүд цоорох өвчний тархалт БАГА НАСНЫ хүүхдүүдэд зонхилж байна
Эрүүл мэндийн мэндийн яамнаас хүүхдийн амны хөндийн эрүүл мэндэд анхаарал хандуулан “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг боловсруулан, хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ үйл ажиллагааг аймаг сумын засаг дарга нар дэмжин ажиллаж эхэллээ. Тухайлбал Дорноговь аймгийн Сайншанд хотод Амны хөндийн эрүүл ахуйг зөв сахиж, шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг хандлагыг төлөвшүүлэх зорилгоор аймгийн хэмжээнд 2017-2021 онд “Эрүүл шүд аян”-ыг зарласан. Энэ хүрээнд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар шүдний эмнэлэг байгуулж, орон нутгийн иргэддээ хямдралтай үнээр үйлчилдэг байна. Улаанбаатарт хотод бага насны хүүхдийн өнгөц шүдний цоорлыг 30-60 мянган төгрөгөөр эмчилдэг бол Дорноговь аймгийн “MONSEI DG” эмнэлэг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 12-15 мянган төгрөгний хооронд эмчилдэг байна.
Монголын хүн ам тэр дундаа хүүхэд, өсвөр үеийн дунд шүдний өвчлөл тулгамдсан асуудал болоод байна. Тодруулбал, улсын хэмжээнд шүд цоорох өвчний тархалт 5-6 настай хүүхдийн дунд 94 хувь, 12 настай хүүхдийн дунд 84 хувь байна. Хүүхдийн шүдний цоорол болон эрчим нь чих хамар хоолойн үрэвсэлт өвчнүүд, амь насанд аюултай эрүү нүүрний мэс заслын үрэвсэлт өвчлөлүүдийн шууд шалтгаан болоод зогсохгүй хүүхдийн суурь өвчлөлүүд, амьсгалын замын өвчлөлүүдийн дам шалтгаан болдог байна.
Шүд цоорох өвчний тархалт БАГА НАСНЫ хүүхдүүдэд зонхилж байнаЭрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Дорноговь аймагт ажиллах үеэрээ амны хөндийн эрүүл мэндийн асуудалд онцгойлон анхаарал хандуулж ажиллахаа мэдэгдсэн юм. Шүд цоорох, амны хөндийн эрүүл мэнд нь хоол хүнснээс шууд хамааралтай. Мөн эрүүл зөв хооллолт маш чухал. Шүдний өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд шүдээ зөв угааж хэвших мөн л чухал. Тиймээс бид амны хөндийн эрүүл мэндээ иргэд өөрсдөө хянаж, дээшлүүлэх, шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, дадалтай болгох зорилгоор уг үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж буйг онцоллоо.