Нүүр хуудас Эрүүл мэнд Эрдэнэтэд хоёр төрлийн мэс заслыг үнэ төлбөргүй хийнэ

Эрдэнэтэд хоёр төрлийн мэс заслыг үнэ төлбөргүй хийнэ

134
0

Тайваний гэр бүлийг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр ЭХЭМҮТ-ийн эрүү нүүрний болон бөөрний мэс заслын эмч нар Эрдэнэт хотод 10 дугаар сарын 16-21-ний өдрүүдэд ажиллана. Тус төвийн эрүү нүүр, бөөрний мэс заслын эмч нар төрөлхийн уруул тагнай сэтэрхий хүүхдэд хийх шаардлагатай хагалгаа, урологи, төмсөгний услалт, эвэрхий, фимоз зэрэг бөөрний талын эмгэгтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй хагалгаа хийнэ. Энэ төрлийн хагалгаа орон нутагт хийгддэггүй учир иргэдэд боломж олдож байна. Хагалгаа хийлгэх хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бөгөөд урьдчилсан үзлэг шинжилгээндээ орсон байхад хангалттай. Хагалгаанд орох хүүхдүүд ханиадтай байж болохгүй гэдгийг БОЭТ-ийн эмч нар анхааруулж байна.

Тус мэс заслын баг ирэхээс өмнө хагалгаа хийлгэх шаардлагатай хүүхдүүд урьдчилсан үзлэг, шинжилгээ өгөх шаардлагатай. Тиймээс төрөлхийн уруул, тагнай сэтэрхий хүүхдүүд БОЭТ-ийн эрүү, нүүр шүдний эмч н.Будмаа, урологи, бөөрний мэс засал хийлгэх хүүхдүүд БОЭТ-ийн гэмтлийн мэс заслын эмч Д.Хэнчбиш нар дээр очин урьдчилсан шинжилгээнд орох хэрэгтэй. Шинжилгээний хариу 1-2 хоногийн дотор гардаг тул аль болох эрт очин хагалгаа хийлгэх боломжтой эсэхээ тодорхой болгох шаардлагатай юм. Шинжилгээнд хамрагдах хүүхдүүд эрүүл мэндийн даатгалын дэвтэртэйгээ байхад хангалттай бөгөөд үнэ төлбөргүй юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here