Нүүр хуудас Эрүүл мэнд Эрдэнэт үйлдвэрийн хаягдал цагаан тоосны дэгдэлт ЭРҮҮЛ МЭНДЭД СӨРӨГ нөлөөтэй

Эрдэнэт үйлдвэрийн хаягдал цагаан тоосны дэгдэлт ЭРҮҮЛ МЭНДЭД СӨРӨГ нөлөөтэй

490
0
Эрдэнэт үйлдвэрийн хаягдал цагаан тоос

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хаягдал цагаан тоосны дэгдэлт ЭРҮҮЛ МЭНДЭД СӨРӨГ нөлөөтэй.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хаягдал цагаан тоосны дэгдэлт энэ жил их байна. Энэ асуудалд ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол иргэд эрүүл мэндээрээ хохирсоор байна. Гэсэн ч үйлдвэрийн зүгээс энэ жилдээ цагаан тоос дарах ажилд зарцуулах хөрөнгө байхгүй гэж мэдэгдсэн.

Үүнээс үйлдвэрийн төсөв хүндхэн байна гэж харагдаж байгаа ч тийм биш бололтой. Учир нь өнгөрсөн сарын 20-ны өдөр болсон уг үйлдвэрийн Баяжуулах фабрикийн өргөтгөлийн нээлтэд хэдий хэмжээний хөрөнгө зарсан нь хэн ч харсан илэрхий байна.

“Эрдэнэт” үйлдвэр 1978 онд ашиглалтад орж үйл ажиллагаагаа явуулж эхлэхэд нэгэн томоохон асуудал тулгарч байв. Эл асуудал өнөөг хүртэл шийдэгдээгүй. Юу вэ гэхээр энэ хотод амьдарч, оршин суудаг иргэн өдөр бүр, алхам тутамдаа санаагаа чилээх болсон үйлдвэрийн хаягдал цагаан тоос юм.

“Эрдэнэт” үйлдвэр нь ил уурхайгаасаа зөөвөрлөсөн хүдрийг хөвүүлэн баяжуулах аргаар хоёр хувийн зэсийн баяжмал гаргаж авдаг. Харин үлдсэн 98%-ийн лаг шаврыг хаягдлын аж ахуй руу зөөвөрлөдөг. Өөрөөр хэлбэл хаягдал болж байна гэсэн үг юм. Уг шавар нь нар, салхинд хатахаараа маш нарийн ширхэгтэй цагаан тоос болон хувирдаг. Уг тоос нь хавар, намрын цагт салхи, шуурганд дэгдэн хаягдлын аж ахуйн ойр орчимд оршин суухБаян-Өндөр сумын Баянцагаан, Говил баг мөн Жаргалант сумын иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөөр байгаад иргэд бухимдаж байна.

Уг тоосийг босгохгүй байх олон арга байдаг ч харамсалтай нь үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөлд ашиглах боломжтой арга нь цөөхөн аж. Тухайлбал, усаар чийглэх арга гэж бий. Гэтэл энэ аргыг хэрэглэсэн тохиолдолд жилдээ 2000 ам.долларын зардал гарах юм байна. “Эрдэнэт үйлдвэр” өөрөө онгоц худалдан авсан тохиолдолд зардлынхаа хэмжээг багасгах боломжтой юм.

Түүнчлэн тоосжилттой байгаа хөрсийг синтетик даавуун материалаар хучих аргыг туршиж үзэж, туршилт амжилттай болсон удаатай. Тиймээс ирэх жилээс энэ аргыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа талаар албаныхан хэлж байна.

Тоосжилтыг үйлдвэрийнхэн зүгээр хараад суугаагүй аж. Сүүлийн долоон жилийн хугацаанд үйлдвэрийн зүгээс цагаан тоосыг хар шороон хөрсөөр дарах, хаягдал усаар чийглэх арга ашиглан дэгдэлтийг багасгасан. Хэдий тийм ч тоосжилт их байгаад иргэдийн зүгээс санал гомдлыг удаа дараа мэдүүлсээр байгаа юм. Үйлдвэрийн зүгээс өвлийн улиралд жилд 50-60 га газрыг хучдаг байна. 2013 онд л гэхэд нийт 56.5 га газрын хөрсийг тоосжилтоос сэргийлэн хар шороон хөрсөөр хучижээ.

Гэсэн ч энэ жилээс цагаан тоосны асуудал дахин гарч ирж байна. Өглөө, орой болон салхитай нөхцөлд Говил багийн нутаг дэвсэрт манан бүрхсэн мэт тоос дэгдэх болсоор удаж байна. Зуны дэлгэр цагт иргэд гэртээ бүгэхээс өөр нөхцөлгүй болоод байна.

Тоос дэгдэж байгаа нь нэгдүгээрт цаг агаарын нөхцөл байдлаас хамааралтай. Өнгөрсөн өвөл хур тунадас багатай хавар хуурайшилт ихтэйгээс болж зуны цагт цагаан тоос агаарт их хэмжээгээр дэгдэж байгаа талаар мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Мөн нөгөө талаас хучилтын ажил хийгдээгүйтэй холбоотой аж. Энэ жил хаягдлын аж ахуйд 14-р даланг босгож, трубо угсралтын ажил хийгдэж байгаа болохоор цагаан шороог хар хөрсөөр дарах хучилтын ажил хийгдээгүй талаар үйлдвэрийнхэн ярьж байлаа.

Тиймээс ч өмнөх жилүүдийнхээс илүү их цагаан тоос босч иргэдийг бухимдуулж байна. “Далан босголт, трубо угсралтын ажил зэргээс үүдэн дараагийн төлөвлөгөөт ажлын хугацаа болсон тул хучилтын ажил хийхэд зарцуулах үргүй зардал байхгүй” гэж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Баяжуулах фабрикийн байгаль орчин хариуцсан инженер н.Одонтунгалаг хэллээ.

Өнгөрсөн жил таван компани хаягдлын аж ахуйд өөрсдийн хөрөнгөөр туршилтын ажил хийжээ. Эдгээрээс синтетик материалаар цагаан тоосыг хучих туршилт амжилттай болсныг дээр дурьдсан. Тиймээс гүйцэтгэгч компанитай намар гэрээ байгуулж ирэх өвөл 80-100 га талбайг уг аргаар хучихаар төлөвлөж байгаа аж. Гэтэл өвөл болтол орон нутгийн иргэд эрүүл мэндээрээ хохирсоор байх уу гэдэг асуудал тулгарч байгаа юм.

Энэ оны зургадугаар сарын 20-ны өдөр “Эрдэнэт” үйлдвэрийн баяжуулах фабрикийн өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн нээлт болсон.Энэ нь Эрдэнэт бүү хэл, улсад цаашлаад олон улсад ч томд тооцогдох бүтээн байгуулалтын ажил гэдгийг үйлдвэрийн захирал ч тэр, Монгол Улсын Ерөнхийлөгч ч хэлсэн үгэндээ онцолж байсан.

Өргөтгөлийн нээлттэй уялдуулан үйлдвэрийн ажилтан албан хаагчдад тодорхой хэмжээний урамшуулал олгох ерөнхий захирлын А/349 дугаар тоот тушаал гарсан билээ. Уг тушаалд үйлдвэрийн ажилтан, ажиллагсдад тус бүр нэг сая төгрөг, өндөр настан, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хувь тогтоолгосон ажиллагсад тус бүр 500 000 төгрөг, “Эрдсүлж” ХХК, “РСЦ” ХХК –ийн ажиллагсдад 500 000 төгрөг, үйлдвэрийн гэрээт байгууллагуудын ажилтан, компанид хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа ажиллагсад тус бүрт 200 000 төгрөгийн урамшуулал олгожээ.

“Эрдэнэт” үйлдвэр 5800 гаруй ажилтантай. Ажилтан бүр нэг сая төгрөгийн урамшуулал авсан гэвэл хэдий хэмжээний хөрөнгө үйлдвэрээс гарсан нь ойлгомжтой. Мөн өргөтгөлийн нээлттэй уялдуулан Орхон аймагт багахан хэмжээний бэсрэг наадам зохион байгуулсан. Мөн нээлтэнд оролцсон Монгол Улсын ерөнхийлөгч, улсын хурлын эрхэм гишүүдийн хүлээн авалтыг нэр төртэйгээр үйлдвэр зохион байгуулсан. Уг үйл ажиллагаанд оюутнуудыг өдрийн 50.000 төгрөгөөр цалинжуулан ажиллуулсан аж. Энэ мэтчилэн үйлдвэрийн өргөтгөлийн нээлтэнд багагүй хөрөнгө зарсан нь иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө мөнгө зарцуулахгүй байж нэг удаа болоод өнгөрөх зүйлд их хэмжээний мөнгө зарцуулсан нь иргэдийн бухимдлыг хүргэж байгаа аж.

Цагаан тоосыг хар хөрсөөр дарах ажилд зарцуулах хөрөнгө нь үргүй зардал болсон хэрнээ өргөтгөлийн нээлтэнд зарцуулсан хөрөнгө нь үр дүнтэй зарцуулалт биш. Эрдэнэт хотод зөвхөн үйлдвэрийн 6000 орчимажилтан амьдардаггүй. Ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаарч мөнгөн урамшуулал олгож байгаа нь сайшаалтай боловч, орон нутгийн иргэдийг хохироож байгаа энэ асуудалд үйлдвэрийн удирдлагууд анхаарлаа хандуулах шаардлагатай.

Хэрэв энэ асуудлыг даруй шийдэхгүй бол Эрдэнэт хотод эрүүл иргэн үгүй болох нь.

эх сурвалж: mongolianminingjournal.com

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here