Гэмтэл согог судлалын үндэсний төв 2018 оноос эхэлж “Unicompartmental knee arthroplasty” /UKA/ буюу өвдөгний үеийг хагас солих мэс заслыг амжилттай хийж байна.
Тухайн мэс засал нь сүүлийн жилүүдэд дэлхийн томоохон орнуудад хийгдэж үр дүн нь батлагдсан. ГССҮТ энэхүү мэс заслыг нутагшуулах үйл ажиллагааг эрчимтэй хийж байгаа аж.
Өвдөгний үеэр өвдөх зовиуртай хүн маш олон байдаг. Настай хүмүүс өвдөгний үенд яс ургасан гэж ярьж заншсан байдаг. Тухайн эмгэг нь дөрвөн үе шаттай явагддаг ба сүүлийн шатанд өвдөгний үеийг бүрэн солих мэс засал хийгддэг. Остеоартрит ихэнх буюу 90 орчим хувь нь өвдөгний үений дотор талын дарагдал, сөнөрөл, элэгдэлтэй холбоотойгоор үүсдэг. Дээрх мэс заслыг өвдөгний үений зөвхөн дотор урд хэсгийн дарагдал өөрчлөлтийн үед хийдэг.
Тухайн мэс заслын хувьд:
- 1.Жижиг зүслэгээр хийгддэг.
- 2.Мэс заслын дараах өвдөлт зовиур бага.
- 3.Мэс заслын дараах нөхөн сэргэх процесс хурдан.
- 4.Өдөр тутмын хэвийн үйл ажиллагааны сэргэлт хурдан учир амьдралын чанарт өндөр үр дүнтэйгээр нөлөөлнө.
- 5.ТКА буюу өвдөгний үе бүрэн солих мэс засал руу дээрх мэс заслыг шилжүүлэх бүрэн боломжтой.
ГССҮТ хийгдэж буй энэ мэс засал нь зөвхөн өвдөгний үений сөнөрөлд орсон буюу өөрчлөлт бүхий хэсгийг мэс заслын аргаар хэсэгчлэн авч өвдөгний үеийг солих мэс засал юм.
Тухайн мэс заслыг өвчтөнд төлөвлөхдөө оношлогооны маш нарийн шалгуур зайлшгүй шаарддаг. Дээрх мэс заслыг нарийн мэргэжлийн эмчид үзүүлэн оношлуулж шалгуур үзүүлэлтүүдийг хангасан бүхий л насны өвчтөнд хийж болох аж.