Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн өвчний хүндрэл, нас баралтын гол шалтгааны нэг болж, үйлчлүүлэгчийн хөдөлмөрийн чадварыг бууруулах, сэтгэлзүйд сөргөөр нөлөөлөх, хөгжлийн бэрхшээлд хүргэх, амь насанд аюул учруулахаас гадна эмнэлгийн дундаж ор хоногийг уртасгадаг, эмчилгээ үйлчилгээний зардлыг нэмэгдүүлэхэд хүргэдэг гээд 2017 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын /ЭТҮХХ/ 43 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 2016 онд нийт 100 хэвтэн эмчлүүлэгчдийн 1,2 хувь нь ЭТҮХХ-т өртсөн байна
Зөвлөгөөнд ЭМЯ, ХӨСҮТ, МХЕГ, 21 аймгийн ЗДТГ-ын эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн, ЭМГ-ын дарга, НЭ, БОЭТ-ын дарга, тархвар судлаач, төрөлжсөн болон клиникийн эмнэлэг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга, тархвар судлаач, мэргэжлийн салбар зөвлөл, нийгэмлэг, холбоод, ТББ нийт 175 хүн оролцлоо.
“Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төсөл нь цусны аюулгүй байдлыг хангах, эмнэлгийн хог хаягдлын менежмент, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвараас сэргийлэх, хянах чиглэлээр үйл ажиллагааг үе шаттай хэрэгжүүлж байна. Уг төслийн эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын сэргийлэлт, хяналт бүрэлдэхүүн хэсгийн үйл ажиллагааны хүрээнд төсөлд хамрагдсан эмнэлгүүдийн эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдварыг илрүүлэх тандалтын тогтолцооны сул болон давуу талыг тодорхойлох, идэвхтэй тандалтын тогтолцоог турших, нэвтрүүлэх, үнэлэх, илүү үр дүнтэй тандалтын тогтолцоог санал болгох, зөвлөх ажлыг гүйцэтгэж байна.
Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төслийн хүрээнд эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой мэс заслын дараах шархны халдвар, шээлгүүртэй холбоотой шээсний замын халдвар, амьсгалын аппараттай холбоотой уушгины хатгаа илрүүлэх идэвхтэй тандалтыг хийсэн. Тандалтаар тухайн ажилбар хийлгэсэн 100 эмчлүүлэгч тутамд халдварт өртөлтийн түвшинг тооцоход мэс заслын дараах шархны халдварт 1.0-5.0 хувь, шээлгүүртэй холбоотой шээсний замын халдварт 1.5-2.0 хувь , зохиомол амьсгалын аппараттай холбоотой уушгины хатгаагаар 19-22 хувь өвдсөн байгаа нь манай орны хувьд ЭТҮХХ дэлхийн бусад улс орны адил анхаарах ёстой асуудал болж байгааг илтгэж байна.
Иймд ЭТҮХХ-ын илрүүлэлт, бүртгэл мэдээллийг сайжруулах, эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээний аюулгүй байдлыг хангаж эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвараас сэргийлэх, хүн амын эрүүл мэнд, нийгэм эдийн засгийн байдалд нөлөөлж буй нөлөөллийг бууруулах, нянгийн эсрэг эм бэлдмэлийн зохистой хэрэглээг бий болгох, лабораторийн оношлогооны чадавхийг сайжруулах, шийдвэр гаргагчид болон эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэх зэрэг тулгамдаж буй олон асуудлыг үндэсний хэмжээнд авч хэлэлцэх нь зайлшгүй шаардлагатай юм