Дэлхий даяар жил бүрийн тавдугаар дугаар сарын 17-ны өдрийг “Цусны даралт ихсэлттэй тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жил “Цусны даралтаа хянаж сурцгаая” уриан дор тэмдэглэж байна.
Энэ хүрээнд өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, “Оном сан”-гаас хамтран “Цусны даралтаа хянаж сурцгаая” эрүүл мэндийн өдөрлөгийн нээлт боллоо. Нээлтийн арга хэмжээнд ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, “Оном сан”-гийн гүйцэтгэх захирал Д.Наранжаргал болон албаны бусад хүмүүс оролцсон юм.
“Цусны даралт ихсэлттэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулж буй тус арга хэмжээнд Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв болон Сонгдо, Интермед, Грандмед, Мөнгөн гүүр, Номун зэрэг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд оролцож байна.
~“Цусны даралтаа хянаж сурцгаая” эрүүл мэндийн өдөрлөгийн нээлт боллоо~
Өдөрлөгийн үеэр иргэдэд мэдээлэл сурталчилгаа хүргэх, цусны даралт ихсэх өвчний эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлох, үзлэг оношилгоо хийх, зөвлөмж өгөх, цусны даралт хэмжих, биеийн жин өндөр үзэх зэрэг олон талын үйл ажиллагааг зохион байгуулах юм.
Дэлхий дахинд жил бүр 18 сая хүн зүрх судасны өвчнөөр нас барж буй бөгөөд эдгээр нас баралтын талаас илүү буюу 9.4 сая нь цусны даралт ихсэлтээс үүдэлтэй байна. Хүн амын төвлөрөл, хотжилт болон бусад олон хүчин зүйлстэй холбоотойгоор дэлхий дахинд халдварт бус өвчний тохиолдол 2000 оноос хойш тасралтгүй өсч, нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон төдийгүй энэ тоо цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа юм.
Ялангуяа зүрх судасны өвчний шалтгаантай нас баралтын 45 хувь, цус харвалтын шалтгаант нас баралтын 51 хувь нь цусны даралт ихсэлтээс үүдэлтэй байна. 100.000 хүн амд ногдох цус алдах хэлбэрийн тархины цус харвалтын нас баралтаар манай улс дэлхийд 1-рт бичигдэж, дэлхийн дунджаас бараг 4 дахин их байгаа тоо баримт бий.
Энэ асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Швейцарь улсын “Новартис сан” сайн санааны байгууллага “Эрүүл зүрх-Эрүүл хот” хөтөлбөрийг санаачлан гурван тивийн 3 улсад нэгэн зэрэг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Ази тивээс Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг сонгоод байгаа билээ.
Энэхүү хөтөлбөрийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, “Оном сан”, Швейцарь улсын “Новартис сан” болон бусад талууд хамтран хэрэгжүүлж байна. Мөн тус хөтөлбөр нь Нийслэлийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлд тусгагдсан юм.
Хөтөлбөр хэрэгжсэнээр нийслэлийн иргэдэд үзүүлэх нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээ тэр дундаа, цусны даралт ихсэлттэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажил чанартай, хүртээмжтэй болохын зэрэгцээ Улаанбаатар хот “Цусны даралт ихсэлтийг амжилттай бууруулж, хянаж чадсан” жишиг хот болж, дэлхийн бусад хотод үлгэрлэх боломж бүрдэх юм байна.