Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг зөвхөн амбулаторийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг байсан бол өнөөдрөөс эхлэн /2017.12.14/ хэвтэн эмчлүүлэх боломжтой болж байна. Тус эмнэлгийн “Б” блок болох 10 тасаг бүхий 240 ортой, зургаан хагалгааны өрөөтэй байр ашиглалтад орлоо.
Нийт 10855 метр квадрат бүхий талбайтай эмнэлгийн байрыг ашиглалтад оруулснаар дотор, мэдрэл, хүүхэд, уламжлалт, мэс засал, гэмтлийн мэс засал, яаралтай болон эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээг үзүүлэх аж.
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн дэд дарга Т.Нарантуяа “Манай эмнэлэг нь төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг. Харьяа дүүргийн хувьд Чингэлтэй дүүрэгт байрладаг учраас тус дүүргийн иргэдэд мэс заслын яаралтай тусламжийг үзүүлнэ. Одоогоор эрүүл мэндийн даатгалтай бүх иргэдэд үйлчилж байгаа. Цаашид эмнэлгийн ачаалал эрс нэмэгдвэл төрийн албан хаагчдад үйлчилнэ. Нэг жилийн хугацаанд нийт 190 мянга гаруй хүнд тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад өвчтөний тоо нэг дахин ихэссэн үзүүлэлттэй байгаа нь эмнэлгийн хүчин чадал нэмэгдсэнтэй холбоотой.
Эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх тасаг нээснээр шинээр хүүхдийн болон гэмтлийн тусламж үйлчилгээ үзүүлнэ. Мөн Австри Улсын Засгийн газрын долоон сая еврогийн хөнгөлөлттэй зээлд хамрагдаж эхний ээлжийн хоёр сая еврогийн үнэ бүхий тоног төхөөрөмж энэ сарын 20-нд ирнэ” гэлээ.